Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаас МАН түр завсарлага авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2016-07-04 17:53:33

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын сонгуулийн зарим тойрогт гарсан хууль бус үйл ажиллагааг шалгах талаар хууль, хяналтын байгууллагуудад чиглэл өгөх талаар хэлэлцэх явцад МАН-ын бүлгээс завсарлага авлаа.

Байнгын хорооны хуралдааны өмнө УИХ-ын дарга З.Энхболд МАН-ын удирдлагуудын 60 тэрбум төгрөг босгох тухай ярианы бичлэг, зарим тойрогт саналын хуудас, сонгогчийн тоо зөрсөн асуудал, канондсон буюу хувилсан хуудсаар санал авсан болон 18 мянган сонгогч шилжилт хөдөлгөөн хийсэн зэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл анхдугаар чуулганыг хуралдуулахгүй байх талаар мэдээлэл хийсэн.

Тэрбээр мэдээллийнхээ дараа дээрх асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр хууль хяналтын байгууллагуудад үүрэг өгөх талаар Хууль зүйн байнгын хороонд ханджээ.

Байнгын хорооны хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нар сонгуулийн дүнд шинээр байгуулагдаж буй УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газраа эмхлэн байгуулах ажилд АН-ын бүлэг саад болж байна хэмээгээд “Мөнгө тараах, өөр тойргоос сонгогч шилжүүлэх замаар сонгогчийн санал авсан гэх асуудлыг нарийн шалгах шаардлагатай тул бид завсарлага авч байна” гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, “Бид хууль дээдэлдэг нийгэмд амьдарч байгаа. Хуулийн хүрээнд төр засгаа эмхлэн байгуулах үйлс нь туйлын чухал. Бид одоо үүсээд байгаа нөхцөл байдлыг зөвөөр шийдэхгүй бол сонгогчид шинээр байгуулагдаж буй УИХ-д эргэлзэх болно” гэв.

Байнгын хорооны дарга Д.Ганбат МАН-ын бүлэгт 30 минутын завсарлага өгөөд, хэлэлцэж буй асуудлыг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай байгааг анхааруулав.

Ч.Ариунболд

相关新闻