БНХАУ Афганистанд анх удаа цэргийн тусламж үзүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-07-04 15:12:19

КАБУЛ. /VOA/. Терроризмтой тэмцэхэд нь Афганистанд олон сая долларын тусламж үзүүлнэ гэж БНХАУ амласан билээ. Энэ амлалтын хүрээнд Афганистан улс цэрэг-техникийн тусламжийг анх удаа хүлээн авлаа.

Тусламжийг ОХУ-ын тээврийн нисэх онгоцоор ням гарагт Афганистаны нийслэл Кабул хотод хүргэж, Хятадаас Афганистанд суугаа Элчин сайд Яо Зин тусламжийн зүйлсийг Афганистаны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ханиф Атмарт хүлээлгэн өгсөн байна.

Афганистаны Үндэсний батлан хамгаалах болон Аюулаас хамгаалах хүчнийхэнд зориулсан ложистикийн техник хэрэгсэл, цэргийн техникийн сэлбэгүүд, буу сум зэргийг тусламжаар хүргэн авчирчээ. 

Хятадын Элчин сайд хэлэхдээ “Афганистан бол БНХАУ-ын ойрын бөгөөд чухал хөрш юм. Энэ удаагийн тусламж нь хоёр орны цэргийн солилцоо, хамтын ажиллагааны эхлэл болж байна” гэж мэдэгдсэн байна.

Афганистаны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Х.Атмар БНХАУ-ын үзүүлсэн тусламжийн талаар нарийн тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзаад, цэргийн асуудал нууц байх хэрэгтэй гэлээ. Тэрбээр хэлэхдээ, энэ удаагийн тусламж нь терроризмтой тэмцэхэд чиглэсэн хоёр орны хамтын ажиллагааны эхлэл юм гэж мэдэгдээд "энэхүү усламж нь терроризмтой тэмцэхэд БНХАУ Афганистаны ард иргэдтэй хамт байгааг харуулсан томоохон үйл явдал боллоо" гэж онцлон тэмдэглэсэн байна.

Д.Нямтулга

 

 

相关新闻