Бан Ги Мүүн Багдадад болсон террорист халдлагыг буруушаав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНҮБ. /TASS/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн Багдадад болсон террорист ажиллагааг зэмлэн буруушааж, халдлага үйлдсэн хүмүүст хариуцлага хүлээлгэхийн тулд бүх талын хүчин чармайлт гаргахыг Иракийн удирдагчдадуриалжээ.
“НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Багдадад болсон террорист халдлагыг буруушаалаа. “Эйд аль-Фитр” баярт бэлтгэж байсан иргэд рүү халдсан эдгээр хүчирхийлэгчдийн хүний амь насыг өчүүхэн ч тоомсорлоогүйд тэрбээр ихэд дургүйцсэн” хэмээн Бан Ги Мүүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэлдээ дурджээ.
Бан Ги Мүүн хохирогчдын гэр бүл Иракийн ард иргэд болон Засгийн газарт гүн эмгэнэл илэрхийлж, шархадсан хүмүүст хурдан эдгэрэхийг хүссэн байна.
Амиа золиослогчийн жолоодсон тэсрэх төхөөрөмж бүхий автомашин Багдадын төвд орших Аль Каррада дүүрэгт ням гарагийн шөнө дэлбэрсэн юм. Энэ дүүрэгт маш олон зоогийн газар болон дэлгүүрүүд байдаг бөгөөд “Эйд аль-Фитр” баярын өмнөх орой байсан тул маш олон хүн цугларсан байжээ.
Дэлбэрэлтийн улмаас олон тооны барилга байгууламж галд автаж, 130 гаруй хүмүүс амиа алдсан юм. Зарим эх сурвалжуудын мэдээллээр, дэлбэрэлтэд өртөн амиа алдсан хүмүүсийн тоо 160-аас давах ажээ.
“Лалын улс” бүлэглэл уг террорист халдлагыг үйлдсэний хариуцлагыг өөртөө хүлээхээ мэдэгджээ.
Х.Сарнай