Есөнбулаг сумын 2019, 2020 оны төсвийн хяналтын сонсгол болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-09-16 11:03:55

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Есөнбулаг сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 2019-2020 оны төсвийн хяналтын сонсгол есдүгээр сарын 15-нд боллоо.

Сонсголд Есөнбулаг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ж.Төгөлдөр, Засаг даргын орлогч Ш.Насан, ЗДТГ-ын дарга А.Баасандаш, Говь-Алтай аймгийн Иргэний нийгмийн нэгдсэн зөвлөлийн төлөөлөл, иргэд хөдөлмөрчид, хэвлэл мэдээллийн салбарын төлөөллүүд оролцов.

Сонсголын эхэнд тус сумын ЗДТГ-ын дарга А.Баасандаш 2019, 2020 онд Есөнбулаг суманд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийсэн ажлуудыг танилцуулсан юм. 2019 онд ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар 12 төсөл арга хэмжээний 398 сая төгрөг батлагдаж үүнээс 349 сая төгрөг олгогдсон байна. Харин 2020 онд 24 төсөл арга хэмжээнд 330 сая төгрөгийг төсөвлөн баталснаас 14 төслийн гэрээ хийж 136 сая төгрөг олгожээ. Дээрх онуудад Есөнбулаг сумын тохижилт, өнгө үзэмж, иргэдийн амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, хүүхэд багачуудын сурч хөгжих орчныг сайжруулахад чиглэсэн ажлууд хийсэн байна. Тухайлбал, гэр хорооллын гэрэлтүүлэг, явган хүний зам, авто зогсоол, айл өрхийн хашаа будаж хээ тавих, цэцэрлэгийн ариун цэврийн өрөөг тохижуулах, ЭМТ-д шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх, цахилгаан дамжуулах шугам татах, үлийн цагаан оготно устгах гэх мэт арга хэмжээг санхүүжүүлжээ.

Мөн үеэр Говь-Алтай аймгийн ИННЗ-ийн дарга Г.Ундрам тус онд гүйцэтгэсэн томоохон ажлуудад мониторингийн судалгаа хэрхэн хийсэн талаар сонсголд оролцож буй төлөөллүүдэд танилцуулсан юм. Энэхүү арга хэмжээ тус суманд анх удаа болж байгаа үр дүнтэй ажил боллоо хэмээн оролцогч талууд дүгнэн хэлж байлаа.


相关新闻