Х.Болатбек: Түлээ, нүүрс, өвсний үнийн өсөлтийг зохицуулахаар ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-09-14 16:19:45

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Баян-Өлгий аймаг дахь улсын байцаагчаар томилогдсон Х.Болатбектэй ярилцлаа.

Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хариуцлагатай албанд томилогдсон явдалд баяр хүргэе.

- Баярлалаа.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орон нутаг хариуцсан улсын байцаагч нь ямар чиг үүргийг хэрэгжүүлэх вэ?

- Миний хувьд саяхан томилогдсон болохоор ажлын төлөвлөгөөгөө боловсруулж байна. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр бүхий л асуудлаар ард иргэдтэй хамтран ажиллах болно.

Хамгийн түрүүнд ямар асуудлыг шийдвэрлэхийг зорьж байна?

- Баян-Өлгий аймагт өргөн хэрэглээний бараа, түлээ, нүүрсний үнэ өссөн. Жишээлбэл, уурхай дээр 1 тонн бүхэл нүүрсийг 45800 төгрөгөөр авдаг. Үүнийг аймгийн төвд 100 мянган төгрөгөөр худалддаг. Цаашид 120 мянган төгрөг болгоно гэж байна. Бидний тооцоолсноор 1 тонн нүүрсийг аймгийн төвд 62 мянган төгрөгөөр оруулж ирэх боломжтой. Нүүрс тээвэрлэдэг жолооч нар 20-25 тонн даацтай машинаар уурхай руу нэг явж ирэхэд л 800 мянгаас 1 сая төгрөгийн ашиг олж байна.  Түүнээс гадна өвсний асуудал байгаа. Тухайлбал, нэг боодол өвс 25 кг жинтэй байх ёстой. Гэхдээ манайд борлуулж байгаа өвсний жин заасан хэмжээнд хүрэхгүй байгаа ч өндөр үнээр зарж байгаа. Хамгийн түрүүнд түлээ, нүүрс, өвсний үнийн өсөлтийг зохицуулах арга хэмжээ авахаар Мэргэжлийн хяналтын газар, Өлгий сумын ЗДТГ зэрэг байгууллагатай хамтран ажиллаж байна. Үнийн өсөлтийн асуудлаар аймгийн Засаг даргын 2021 оны 719 дүгээр захирамжаар ажлын баг байгуулсан. Миний бие нарийн бичгийн даргаар нь ажиллаж байгаа.

Өмнө нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үүрэг нь аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн даргад байсан ч зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх эрхгүй байв. Танд ийм эрх байна уу?

- Миний бие Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт шууд харьяалагдан ажиллана. Хэрэглэгчийн эрх ашгийг зөрчсөн иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу 2 сая, аж ахуйн нэгжид 20 сая хүртэлх төгрөгийн торгууль оногдуулах эрхтэй. Энэ эрхээ прокурорын байгууллагын хяналт дор хэрэгжүүлнэ.    

Ард иргэдийн гомдол, мэдээллийг ямар сувгаар хүлээж авах вэ?

- Өнөөдөр олон нийттэй харилцах пэйж хуудас нээнэ. Мөн 95112822  утсаар холбогдох боломжтой. Заавал өргөдөл бичиж авч ир гэхгүй. Эрх нь зөрчигдсөн хүмүүс өөртөө аль тохиромжтой сувгаар гомдол, мэдээлэл ирүүлэх боломжтой. Миний бие иргэдтэй нягт хамтран ажиллаж, үүссэн асуудлыг газар дээр нь очиж шалган зохих арга хэмжээ авах болно.

Аймгийн Засаг даргын захирамжаар ажлын баг байгуулсан гэж дээр хэллээ. Ажлын үр дүнг нь хэзээ танилцуулах вэ?

- Тагнуул, мэргэжлийн хяналт, онцгой байдлын байгууллага, Өлгий сумын захиргааны төлөөллүүд багтсан ажлыг баг байгаа. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, мал, малын тэжээлийн үнийн өсөлт, зохиомол хомстол үүсэхээс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт хийх үүрэгтэй. Ажлын баг холбогдох судалгаа хийсэн, энэ 7 хоногийн сүүлээр аймгийн Засаг даргын зөвлөлд танилцуулна.  

相关新闻