Канадад вакцинжуулалтын паспорт нэвтрүүлэхийг эсэргүүцсэн жагсаал болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-09-14 10:48:05

ОТТАВА. /CBC/. Тодорхой бүлгийн хүмүүсийг коронавирусний вакцинд албадан хамруулах, ковидийн паспорт нэвтрүүлэхийг эсэргүүцсэн жагсаал Канадын хотуудад даваа гарагт болж, хэдэн зуун хүн оролцжээ.  


“CBC” сувгаар мэдээлснээр, жагсагчид Торонто, Оттава (Онтарио муж), Виннипег (Манитоба), Монреаль (Квебек), Галифакс (Шинэ Шотланд) зэрэг хотуудын эмнэлгүүдийн өмнө цугларсан байна.


Эсэргүүцлийн жагсаалд оролцогчид ямар нэг уриа лоозон хашхираагүй боловч вакцинжуулалтын паспортыг хүчингүй болгож, хүмүүст вакцин хийлгэх эсэхээ сонгох боломж олгохыг эрх баригчдад уриалсан зурагт хуудаснууд барьсан байжээ.


Жагсаал болохын өмнөх өдөр эмнэлгүүдийн ойролцоо хаалт тавьж, цагдаагийн хамгаалалт гаргасан байна. Жагсагчид эмнэлгийн байгууллагуудын үйл ажиллагааг саатуулж болзошгүй гэж болгоомжилж байсан ч тайван жагсчээ. Жагсаалыг Ерөнхий сайд Жастин Трюдо зэрэг Канадын олон улс төрч буруушаасан байна.


Британийн Колумб, Квебек, Манитоба, Шинэ Шотланд зэрэг Канадын хэд хэдэн мужийн эрх баригчид вакцинжуулалтын паспорт нэвтрүүлж байгаагаа мэдэгджээ. Ийм бичиг баримтгүйгээр хүмүүс зоогийн газар, спорт заал, кино театруудаар үйлчлүүлэх, мөн олон нийтийн төрөл бүрийн арга хэмжээнд оролцох боломжгүй юм. Онтарио хотод есдүгээр сарын 22-ноос вакцинжуулалтын паспорт нэвтрүүлэхээр болжээ. Үүнээс гадна, эрх баригчид эмнэлгийн ажилтнууд, цагдаа нар болон бусад бүлгийн иргэдийг коронавирусний вакцин заавал хийлгэхийг шаардаж байгаа аж. 

相关新闻