Өнгөрсөн онд хамгийн олон байгаль хамгаалагч амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ВАШИНГТОН. /CNN/.
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн
эрс үзэгдлийн давтамж улам нэмэгдэх болоод буй энэ үед байгаль хамгаалагч
хамгийн олон идэвхтэн өнгөрсөн онд амиа алдсан талаар “Global Witness” байгаль орчныг хамгаалах ажиглалтын байгууллага өнөөдөр
мэдээллээ.
Тодруулбал, дэлхийн хэмжээнд 2020 онд нийт 227 идэвхтэн буюу долоо хоногт дунджаар дөрвөн хүн байгаль орчныг хамгаалж байх үедээ харамсалтайгаар амь насаа алджээ. Ингэснээр энэхүү тоон үзүүлэлт сүүлийн хоёр жил дараалан хамгийн өндөр хэмжээнд хүрч байна.
“Global Witness”-ийн мэдээлснээр, ийнхүү амиа алдсан тохиолдлуудын дийлэнх нь Латин Америкт бүртгэгджээ. Түүнээс Колумбид хамгийн олон буюу 65 хүн уугуул нутаг, ой мод болон коканы ургацыг хамгаалж байгаад амиа алджээ. Тус улсын араас бичигдсэн Мексикт 30 хүн амиа алдсаны гуравны нэг нь ой модыг сүйтгэхтэй холбоотой халдлагын улмаас амиа алджээ.
Харин 15-аас дээш
хүн амиа алдсан Латин Америкийн бус цорын ганц орон нь Филиппин болжээ. Энэхүү тайланд
дурдсанаар, өнгөрсөн онд амиа алдсан нийт тохиолдлын тэн хагасаас илүү хувь нь ердөө
гуравхан оронд бүртгэгдсэн байна. Түүнчлэн 29 идэвхтэн уурхайн олборлолт, мод
бэлтгэлийг зогсоохыг оролдох үеэрээ харамсалтайгаар амиа алджээ.
“Global Witness” байгууллагаас танилцуулсан жагсаалтыг дэлгэрэнгүй танилцуулбал, Колумбид 65 хүн, Мексикт 30 хүн, Филиппинд 29 хүн, Бразилд 20 хүн, Хондураст 17 хүн, Бүгд Найрамдах Ардчилсан Конгод 15 хүн, Гватемалд 13 хүн, Никарагуад 12 хүн, Перуд зургаан хүн, Энэтхэгт дөрвөн хүн амиа алдсан байна.