Д.Бауыржан “АДРА Монгол” ОУБ-ын суурин төлөөлөгч Винделл Марананыг хүлээн авч уулзлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан “АДРА Монгол” олон улсын
байгууллагын суурин төлөөлөгч Винделл Маранан, төслийн менежер Б.Асемгүл нарыг
хүлээн авч уулзлаа гэж аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
Уулзалтаар тус
байгууллагын орон нутагт хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн талаар хэлэлцэж,
харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна.
Мөн бүс нутагт
өрхийн газар тариаланг хөгжүүлэх, газар тариаланд зориулж усан сан байгуулах, иргэдийн тарьсан төмс,
хүнсний ногооны борлуулалтад анхаарах, ургац худалдан борлуулах талбай бий
болгох талаар ярилцаж, санал солилцжээ.
“АДРА Монгол” олон улсын
байгууллага нь Баян-Өлгий аймагт 2015 оноос “Тогтвортой газар тариалан ба эдийн
засгийн сургалт” төслийг хэрэгжүүлж байна. Тус төсөлд Өлгий, Бугат, Сагсай сумын
880 өрхийг хамруулж, газар тариалан эрхлэхэд дэмжлэг үзүүлж байгаа юм.
Аймгийн Засаг
дарга Д.Бауыржан орон нутгийн нийгмийн эмзэг бүлгийн айл өрхүүдийн хүнсний
аюулгүй байдлыг сайжруулах, өрхийн газар тариаланг хөгжүүлэх ажлыг амжилттай
зохион байгуулж байгаа явдалд “АДРА Монгол” олон улсын байгууллагын суурин
төлөөлөгч Винделл Марананд талархал илэрхийлсэн байна.