Сайн дурынхан Өлгий хотын төв талбайн хогийг цэвэрлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Гэр
бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас "Хот хоггүй бол гоё" нөлөөллийн
уралдаан явууллаа.
Тус ажлыг залуучуудын хөгжлийн сарын аяны
хүрээнд аймгийн Залуучуудын хөгжлийн зөвлөл, Өлгий сумын Хот тохижуулах албатай
хамтран зохион байгуулжээ.
Хүүхэд, залуучуудыг хоггүй цэвэр орчин бүрдүүлэхэд
уриалах, хогоо хогийн саванд хийх, орчноо цэвэр байлгах дадал хэвшүүлэх
зорилготой уралдаанд олон нийтийн сүлжээнд тавьсан зарын дагуу сайн дурын 30
гаруй хүн ирж оролцов.
Залуучууд уралдааны явцад Монгол Улсын баатар М.Икейн
нэрэмжит аймгийн төв талбайн орчмын 500 метр хүртэлх газрын хогийг гүйнгээ түүж
цэвэрлэлээ.
Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн
газраас уралдаанд оролцсон залуучуудад талархлын бичиг гардуулж, Хот тохижуулах
албаныхан цугласан хогийг хогийн цэгт ачиж зайлууллаа.