Хятадын гадаад худалдааны эргэлт өсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын бараа бүтээгдэхүүний нийт импорт, экспорт энэ оны эхний найман сарын байдлаар өнгөрсөн оны мөн үеийнхээс 23.7 хувиар өсөж, 24.78 их наяд юань буюу 3.84 их наяд орчим ам.доллар болжээ.
Энэ нь 2019 оны мөн үетэй харьцуулахад 22.8 хувиар өссөн үзүүлэлт болсныг тус улсын Гаалийн удирдах газраас мэдээлсэн байна.
Тодруулбал, Хятадын энэ оны 1-8 дугаар сарын экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 23.2 хувь, импорт 24.4 хувиар тус тус өсжээ. Харин худалдааны илүүдэл өнгөрсөн оны мөн үеийнхээс 17.8 хувиар өсөж, 2.34 их наяд юаньд хүрсэн байна.
Түүнчлэн БНХАУ-ын худалдааны гол түншүүд болох Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо /АСЕАН/, Европын Холбоо, АНУ-тай хийсэн гадаад худалдааны хэмжээ энэ оны эхний найман сарын хугацаанд тогтвортой өсөлтөө хадгалсан хэвээр байна.
Мөн “Бүс ба Зам” санаачилгад нэгдсэн улс орнуудтай хийсэн БНХАУ-ын худалдааны хэмжээ мөн хугацаанд 7.29 их наяд юаньд хүрч, 24.6 хувийн өсөлттэй гарчээ.
БНХАУ-ын хувийн аж ахуйн нэгжүүдийн хийсэн экспорт, импортын хэмжээ 29.9 хувиар өсөж, оны эхний найман сарын байдлаар 11.92 их наяд юаньд хүрсэн нь нийт гадаад худалдааны 48.1 хувийг эзэлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 2.3 пунктээр өссөн үзүүлэлт юм.
Үүний зэрэгцээ зөвхөн наймдугаар сард гэхэд тус улсын гадаад худалдааны хэмжээ өнгөрсөн онтой харьцуулахад 18.9 хувиар өсөж, 3.43 их наяд юаньд хүрсэн байна.