“Эрдэнэтийн ДЦС” –ийн өргөтгөл ашиглалтад орсноор цахилгааны нэгж үнэ 181 төгрөгөөс 104 төгрөг болж буурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-ийн хүчин чадлыг
СС35 МВт турбогенератороор өргөтгөх төслийн түлхүүр гардуулах ёслолын ажиллагаа
өнөөдөр боллоо. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Батлут, Эрчим хүчний сайд
Н.Тавинбэх, аймгийн Засаг дарга С.Батжаргал, тус станцын гүйцэтгэх захирал
Б.Бат-Эрдэнэ болон төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын “Hunan industrial Equipment” компанийн дэд
захирал Ху Ли Юань нар оролцлоо.
Эрдэнэтийн ДЦС-ыг өргөтгөснөөр
суурилагдсан хүчин чадал хоёр дахин, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл 2.4
дахин нэмэгдэж цахилгааны өөрийн өртөг 40 хувиар буурч байна. Тодруулбал, тус
станц жилд 158 сая кВт цахилгаан үйлдвэрлэж байсан бол одоо 318 сая кВт
цахилгаан үйлдвэрлэж эхэллээ. Ингэснээр нэг кВт цахилгааны үнэ 181 төгрөгөөс 104 төгрөг болж буурч байна.
Уг өргөтгөлийг БНХАУ-ын Засгийн
газрын 51.8 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл буюу 140 тэрбум төгрөгөөр барьж долоон жилийн хугацаанд бүрэн
төлж дуусах гэнэ. Тодруулбал, станцын хүчин чадал 2 дахин нэмэгдсэнээр жилд 20
тэрбум төгрөгийн ашигтай ажиллах юм. Мөн
цахилгаан, эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдсэнээр Орхон аймагт бүтээн
байгуулалтын их ажлууд өрнөх боломж бүрдэж байна.
Дээрх ажлыг Засгийн газрын
Үйл ажиллагааны 2020-2024 оны хөтөлбөрт туссан цахилгаан, эрчим хүчний 16 шинэ эх үүсвэрийг ашиглалтад оруулах
төлөвлөлтийн хүрээнд хийж байгаа юм. Энэ
жил ДЦС IV –ийн хүчин чадлыг 46 МВт, “Эрдэнэтийн ДЦС” –ийг 35 МВт-аар өргөтгөжээ.
Ингэснээр Эрдэнэтийн ДЦС цахилгаан,
эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлаараа улсдаа хоёрт орж байна.


