ИТХ-ын ээлжит 6-р хуралдаанаар төсвийн тодотголыг баталлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6-р хуралдаан боллоо. Хуралдаанаар аймгийн 2021 оны төсөвт тодотгол оруулахаар аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн боловсруулж, хуралд өргөн мэдүүлсэн төсвийн төслийг хэлэлцэн төсвийн тодотголыг баталлаа.
Тус тодотголоор УИХ-аас Хөвсгөл аймагт санхүүгийн дэмжлэгээр нэмэгдүүлэн баталсан коронавируст халдвар (Ковид-19)-аас урьдчилан сэргийлэх, эм эмнэлгийн хэрэгсэл, ариутгалын бодис, хамгаалах хэрэгсэл худалдан авах, үүссэн өр төлбөрөө барагдуулах, сумын Засаг даргын нөөц хөрөнгийг нэмэгдүүлэхэд 1,1 тэрбум төгрөгийг зориулахаар болов.
Мөн 2021 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө 449,3 сая төгрөг, аймгийн 2020 оны дансны үлдэгдэл 875,3 сая төгрөгийг аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон 2020 онд хийгдсэн хөрөнгө оруулалт, хөтөлбөр төсөл, арга хэмжээний зардлыг санхүүжүүлэхээр нийт төлөөлөгчдийн олонхын саналаар баталлаа. Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос боловсруулж буй "Бэлчээр ашиглагчдыг хариуцлагажуулах журам"-ын талаарх мэдээллийг хуралдаанаар төлөөлөгч нарт танилцууллаа.