Иран гурван хэмжээст радар танилцуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТЕХРАН. /Press TV/. Ираны Агаарын цэргийн хүчин нэгэн зэрэг 300 хүртэлх байг илрүүлэх чадалтай шинэ радар танилцууллаа.
Танилцуулах арга хэмжээ тус улсын Агаарын цэргийн хүчний ойд зориулсан ёслолын үеэр болжээ.
"Альборз" хэмээх энэхүү радар нь гурван хэмжээст бөгөөд байг илүү нарийвчлалтай илрүүлэх боломжийг олгодог байна. Уг радарыг үелсэн антены сүлжээний технологи ашиглан бүтээсэн бөгөөд өөрөөр хэлбэл төхөөрөмж агаарын орон зайг хянахын тулд эргэх шаардлагагүй гэсэн үг юм. Радарын хамрах хүрээ нь 450 км ажээ.
Радарыг үл үзэгдэгч объект, тэр байтугай үл үзэгдэгч технологийг ашиглан бүтээсэн нисэх онгоцыг хайх, хянах зорилгоор бүтээжээ.
Үүнээс гадна, Ираны цэргийнхэн цэргүүдийг удирдах үед шийдвэр гаргах, дүн шинжилгээ хийх "Борхан" шинэ системийг танилцуулсан байна. Энэ нь янз бүрийн тандалтын системээс хүлээж авсан мэдээллийг боловсруулах электрон цогцолбор бөгөөд байлдааны талбар дахь нөхцөл байдлыг үнэлэхэд командлагч нарт туслах ёстой аж. "Борхан" мөн цэргүүдийн шуурхай байдлыг дээшлүүлэхийн тулд радар, цахилгаан оптик тандалтын системээс мэдээлэл цуглуулж, пуужингийн удирдлага, хяналтын цогцолборт дамжуулна.