Японы Ерөнхий сайд Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-09-02 12:48:30

ТОКИО. /TASS/. Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ энэ удаагийн Дорнын эдийн засгийн чуулга уулзалтыг өнжихөөр болжээ.  


“Ерөнхий сайд энэ жил Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохгүй, дүрс бичлэгээр ч үг хэлэх төлөвлөгөөгүй байна. Түүнд чуулга уулзалтад оролцох урилга ирээгүй” гэж Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Кацунобу Като Токиод хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. 


Сүга Ёшихидэ Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад биечлэн оролцоход бэлэн байгаа боловч Оросын талаас урилга аваагүй тул айлчлахаас татгалзсан гэж “Kyodo” агентлаг есдүгээр сарын 1-нд Японы ГХЯ-ны эх сурвалжаас эш татан мэдээлжээ. Нөхцөл байдлын талаар мэдээлэлтэй “Kyodo” -гийн өөр нэг эх сурвалжийн үзэж буйгаар, Москва магадгүй "Японы тогтвортой засгийн газартай яриа хэлэлцээ хийхийг хүссэн байх", харин дэмжигчдийнх нь тоо буурсаар байгаа болон удахгүй болох парламентын сонгуультай нь холбоотойгоор Оросын эрх баригчдын нүдэнд Сүга ийм Засгийн газрын хувиар харагдаагүй бололтой. Японы өмнөх Ерөнхий сайд Абэ Шинзо 2016 оноос хойш чуулга уулзалтад дөрвөн удаа оролцжээ.


Дорнын эдийн засгийн VI чуулга уулзалт ОХУ-ын Владивосток хотноо есдүгээр сарын 2-4-нд болно. Чуулга уулзалтыг энэ жил холимог хэлбэрээр зохион байгуулах бөгөөд зарим зочид цахимаар оролцох юм. Нийтдээ чуулга уулзалтад дөрвөн мянга орчим төлөөлөгч оролцох төлөвтэй байна.

相关新闻