Г.Амантай: Сүүлийн 5 жилд ахиц дэвшил гаргаагүй захирлуудад хариуцлага тооцно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн багш
нарын Бага хурал энэ сарын 30-ны өдөр аймгийн Хөгжимт драмын театрт боллоо.
Бага хурлаар 2020-2021 оны хичээлийн жилийн
зорилтын биелэлтийг танилцуулж, ЭЕШ-нд амжилт гаргасан багш, сурагчдыг урамшуулсан
юм. Мөн 2021-2022 оны хичээлийн жилд дэвшүүлж буй зорилтоо хэлэлцэн батлав.
Энэ үеэр аймгийн БСУГ-ын даргаар шинээр
томилогдсон Г.Амантай боловсролын салбарт цаашид баримтлах бодлогоо
танилцуулав.
Тэрээр хэлсэн үгэндээ, "Боловсролын салбарт
хариуцлагын асуудал шат шатанд орхигдсон байна гэж дүгнэлт хийлээ. Үүнийг
баримттайгаар ярьж байна. Ажлын хариуцлага алдагдсан нь тухайн байгууллагыг
удирдаж буй захирал, эрхлэгч нартай шууд холбоотой. Сургуулийн захирал,
цэцэрлэгийн эрхлэгчээр салбартаа зөвшөөрөгдсөн шилдэг менежерүүдийг тодорхой хугацаагаар,
гэрээний үндсэн дээр томилон ажиллуулах бодолтой байгаа. Тухайн хүмүүсийг байгууллагын
хамт олны болон олон нийтийн санал асуулгаар тодруулна. Сургууль, цэцэрлэгийн
үндсэн багшийг заавал шалгаруулж авна. Сонгон шалгаруулалт явуулсан тухайгаа олон
нийтийн сүлжээгээр лайв хийнэ. Ингэж лайв хийж сонгон шалгаруулалт явуулаагүй захирал,
эрхлэгч нарыг асуудалтай, ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзнэ. Сүүлийн 10 жилд
ажилд орсон бүх багшийн боловсролын баримт бичгийг шалгуулна. ЭЕШ болон
хөндлөнгийн шалгалтын дүнг захирлын ажлын гол үнэлгээ болгож сүүлийн 5 жилд
ахиц дэвшил гаргаагүй захирлуудад хариуцлага тооцно" гэлээ.