НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Афганистаны асуудлаарх тогтоолыг баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-08-31 13:14:12

НҮБ. /RT/. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл /АЗ/ Афганистаны болон гадаадын иргэдийг Афганистанаас чөлөөтэй, аюулгүй гарах нөхцөлийг бүрдүүлэх үүргээ биелүүлэхийг “Талибан” хөдөлгөөнд уриалсан тогтоолыг даваа гарагт баталжээ.


Их Британи, Франц болон АНУ-ын хамтран бэлтгэсэн уг тогтоолыг батлахыг 13 улс дэмжсэн бол ОХУ, БНХАУ түдгэлзсэн байна.  


АЗ-ийн хуралдаан дууссанаас цаг гаруйн дараа АНУ Афганистаны нутаг дэвсгэрээс цэргээ гаргаж, Кабулаас энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа болон цэргийн кампанит ажил дууссан болохыг мэдэгджээ.


Тогтоолын дагуу Афганистан улсыг бусад улс руу халдах, террористуудыг сургах, тэдний хоргодох газар болгох,  террорист халдлага төлөвлөх, мөн санхүүжүүлэх талбар болгох ёсгүй. Талибуудын хүлээх үүргийг мөн тогтоолд цохон тэмдэглэсэн байна.


Үүнээс гадна, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хүчин чармайлтыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэжээ. Ингэхдээ Афганистан дахь бүх хүчин тусламж шаардлагатай байгаа хүмүүст тусламж үзүүлэхийн тулд НҮБ, түүний тусгай байгууллагууд болон түншүүдийг аюулгүй, саадгүй нэвтрэх боломжоор хангах ёстой. Баримт бичгийг санаачлагчид мөн олон улсын хүмүүнлэгийн болон хүний ​​эрхийн олон улсын хуулийг дагаж мөрдөх баталгаа гаргахыг бүх талд уриалжээ.


Бүх талыг хамруулсан улс төрийн зохицуулалтын хүрээнд энэ үйл явцад эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах талаар мөн  тусгасан байна.


Тогтоолд тусгагдсан хамгийн чухал асуудлуудын нэг бол Кабулын нисэх онгоцны буудал гэх зэрэг Афганистаны бүх шалган нэвтрүүлэх цэгүүдээр афганчуудыг эх орноосоо гарах эрхийг баталгаажуулахыг талибуудад уриалсан явдал юм. Афганистаны нийслэл хотын нисэх буудлыг одоо АНУ хянахаа больсон энэ үед энэ нь онцгой чухал асуудал юм.


Афганистаны болон гадаадын иргэдийг тус улсаас аюулгүй явах боломжийг бүрдүүлэх үүргээ шинэ эрх баригчид биелүүлнэ гэдэгт тогтоолыг санаачлагчид найдаж байна. 


НҮБ-ын АЗ мөн наймдугаар сарын 26 -нд Кабулын нисэх онгоцны буудлын ойролцоо болсон халдлагыг эрс буруушааж, “Талибан” хөдөлгөөн ч мөн халдлагыг буруушаасныг тэмдэглэжээ. Уг халдлагын улмаас АНУ-ын 13 цэргийг оруулаад 200 гаруй хүн амиа алдсан юм. Энэхүү тээврийн зангилааны аюулгүй байдлыг бэхжүүлэхийн тулд холбогдох талууд олон улсын түншүүдтэйгээ хамтран ажиллах нь чухал болохыг тогтоолд онцлон тэмдэглэжээ. 


相关新闻