Зах, худалдааны төвийн гадна талбайг засварлажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Аймгийн төв, Улиастай сумын
нийтийн орон сууцны хаалгануудыг шинэчилж, зах, худалдааны төвийн гудамжны зам
талбайг засварлалаа гэж Улиастай сумын ЗДТГ-аас мэдээлэв.
-“Улиастай сумын нэгдсэн худалдааны төв, зах
байршдаг 1100 метр квадрат шороон талбайг засаж тохижууллаа. Шороон талбайг
тэгшлэн нягтруулж, бетонон талбайтай болгосон. Мөн иргэд, үйлчлүүлэгчдийн тав
тухтай байдлыг хангах зорилгоор өндөр довжоотой хэсгийн 100 метр.кв газрыг
чөлөөлж, бетонон талбай болгосон байна. Энэхүү ажлыг гүйцэтгэхэд аймгийн
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 20 иргэнийг түр ажлын байраар хангаж, төсөв
хөрөнгийг бизнес эрхлэгчид болон сумын ЗДТГ-аас хамтран шийдвэрлээд буй. Тус
захын гадна талбайд ил задгай болон, контейнерт 80 гаруй иргэн худалдаа
эрхэлдэг. Өмнө нь шороон талбай дээр ил задгай худалдаа үйлчилгээг явуулдаг
байсан нь эрүүл ахуй ариун цэврийн шаардлага хангадаггүй байсан бол одоо орчин
нь сайжирсан нөхцөлд иргэд үйлчилгээ авах боломжтой боллоо” гэв.
Нийтийн орон сууцуудын
хаалгыг шинэчилжээ
Улиастай сумын 16 нийтийн орон сууцын хаалгыг
шинэчилж, кодтой болгоод байна. Иргэдийн аюулгүй, тав тухтай орчинд амьдрах
нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Улиастай сумын зарим нийтийн орон сууцны хуучирч
муудсан модон хаалгыг орчин үеийн хаалгаар шинэчлэх ажлыг зохион байгууллаа. Тухайлбал
Жинст, Богдын гол багийн нийт 16 орцны хаалгыг тусгай код, дулаалгатай, төмөр
хаалгаар солиод байна. Энэ ажилд орон нутгийн төсвийн 19.6 сая төгрөгийг
зарцуулаад байна. Тус сумын нийтийн орон сууцуудын 60 гаруй хувь нь 40-50
жилийн насжилттай барилгууд юм. Тиймээс цаашид Улиастай сумын нийтийн орон
сууцны гадна фасадын засвар, шинэчлэлт, орцны хаалгыг орчин үеийн хаалгаар шинэчлэх
ажлыг шат дараатай зохион байгуулахаар төлөвлөөд байна гэж Улиастай сумын
ЗДТГ-аас мэдээлэв.