Борооны усыг зайлуулах зорилгоор 1082 метр шуудуу татжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-08-30 13:32:19

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Энэ сарын 26-27-ны өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас Өлгий сумын хэмжээнд шавар хийцтэй байшингийн хаана, дээвэр нурсан, хашаанд их хэмжээний ус тогтож гэрээсээ гарч чадахгүй байгаа зэрэг давхардсан тоогоор 160 дуудлага аймгийн ОБГ-т иржээ.

Онцгой байдлыг байгууллага орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн хүч хэрэгслийг дайчилж үерийн далан, суваг, шуудуу цэвэрлэх, шинээр татах, хуримтлагдсан усыг зайлуулах, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажилласан байна.

Энэ хүрээнд Гал түймэр унтраах, авраг 31 дүгээр анги аймгийн төвд 4 ажлын хэсэг гаргаж, гэр нь усанд автсан 15 өрхийн 62 иргэнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байна. Мөн ус соруулах зориулалттай авто машинаар  2, 3, 4, 6, 9, 11, 12 дугаар багуудын айл өрхүүдийн гэр, хашаа, гудамж талбайд хуримтлагдсан 136 тонн усыг соруулжээ.

Түүнчлэн хувийн компанитай хамтарч Өлгий сумын 2 дугаар багийн нутагт 552 метр, 13 дугаар  530, нийт 1082 метр шуудуу ухаж хуримтлагдсан усыг зайлуулсан байна.

Урьдчилсан байдлаар борооны улмаас 29 айлын байшин тодорхой хэмжээгээр эвдэрсэн гэх мэдээлэл байгаа ч мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт хараахан гараагүй байгаа ажээ.

相关新闻