Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдааг хоёр хоног сунгах хүсэлтээ илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunbold@montsame.gov.mn
2021-08-28 14:42:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Хичээлийн шинэ жил 2021-2022” үзэсгэлэн худалдаа нийслэлийн хамгийн их хөл хөдөлгөөнтэй Энхтайваны өргөн чөлөөнд болж байна.


Жил бүр уламжлал болон зохион байгуулдаг байсан өргөтгөсөн худалдаа “КОВИД-19” цар тахлын улмаас хоёр жил завсарласан. Харин энэ жил үзэсгэлэн худалдаа гарч байгаа тул Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэл буюу Энхтайваны өргөн чөлөөг өнөөдөр, маргааш “Автомашингүй гудамж” болгоод буй юм.


Сурагчид, оюутнууд болоод эцэг эхчүүдэд хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцсыг нэг дороос өргөн сонголтоор худалдаж авах боломжийг бүрдүүлэх зорилготой өргөтгөсөн худалдаа Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх тогтоосон зургаан байршилд гарч байгаа. Тодруулбал, Голомт банкны Зээлийн төвийн өмнөх талбай /Улаанбаатар их дэлгүүрийн замын хойд талд/, Улсын их дэлгүүрийн урд талбай, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж /Циркээс Их дэлгүүр орох замд/, Д.Сүхбаатарын нэрэмжит талбай, Бөхийн өргөөний хойд талын талбай, Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 1, 2, 3 дугаар /олны нэрлэдгээр гурван өндөр/ байрны хойд талын талбайд гарч байгаа юм.   


Үзэсгэлэн худалдаанд 130 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцож, хүүхдийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл болон бусад бараа бүтээгдэхүүнийг худалдаж байна. Сүхбаатарын талбайд гарч байгаа үзэсгэлэн худалдаанд Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн 78 аж ахуйн нэгж оролцож байгаа юм. Тэд үзэсгэлэн худалдааг наймдугаар сарын 30, 31-нд үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа холбогдох албаны хүмүүст илэрхийлж байлаа. Мөн Баянзүрх дүүргийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж буй хоёр байршилд зорилтот бүлгийн иргэдэд зориулсан үнэгүй үсчин ажиллаж байгаа юм.

Улаанбаатар хотын Ерөнхий м­­енежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Хичээлийн шинэ жил 2021-2022” үзэсгэлэн худалдаанд иргэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж оролцож байна. УОК, НОК-оос гаргасан түр журмын хүрээнд нийслэл, дүүргийн онцгой байдлын газар, хэлтсийн алба хаагчид иргэдэд халдвар хамгааллын дэглэмийг баримтлахыг анхааруулан ажиллаж байгаа” гэлээ.

Энэ үеэр иргэд хүссэн бараа, бүтээгдэхүүнээ нэг дороос авах боломж бүрдүүлсэнд талархал илэрхийлж байлаа. Мөн автомашингүй гудамж нь иргэдэд идэвхтэй хөдөлгөөн хийхэд чухал ач холбогдолтой байгааг хэлж байв.

Автомашингүй гудамжнаас бусад замаар наймдугаар сарын 28-ны бямба гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш, 29-ний ням гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслийг 8:00.20:00 цагт замын хөдөлгөөнд оролцуулна. Дугаарын хязгаарлалт Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон, 32-ын тойргоос 120-ын уулзвар хүртэл үйлчлэх юм.

相关新闻