Талибууд Панжшер мужийг эзлэн авахаар хэдэн зуун дайчнаа илгээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КАИР. /TASS/. Афганистаны хэт давруу үзэлтнүүдийн "Талибан" хөдөлгөөн өөрсдийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа Панжшер мужийг эзлэн авахаар хэдэн зуун дайчин илгээсэн тухайгаа "Twitter" хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Панжшер мужийн эрх баригчид эрх мэдлээ тайван замаар шилжүүлэхээс татгалзсан тул тус мужийг хяналтдаа авахаар "Исламын Эмирт улс"-ын хэдэн зуун дайчныг илгээлээ" гэж мэдэгдэлд дурдсан байна.
Урьд өмнө нь Афганистан дахь тажикуудын нөлөө бүхий удирдагч байсан Ахмад Шах Масудын хүү Ахмад Масуд бүх талыг хамруулсан Засгийн газар байгуулах, улс төрийн сөргөлдөөнийг даван туулах асуудлаар талибуудын төлөөлөгчидтэй хэлэлцээ хийж эхэлсэн тухай Панжшер муж дахь ТАСС агентлагийн эх сурвалж бямба гарагт мэдээлжээ.
Панжшер мужийн тэргүүн нартай, тухайлбал, шашны номлогчид, омгийн ахлагч нар, цэргийн командлагч нартай хэлэлцээ хийж эхэлсэн тухай Афганистаны засгийн эрхийг тайван замаар шилжүүлэх Үндэсний зөвлөлийн гишүүн, Үндэсний эвлэрлийн Дээд зөвлөлийн тэргүүн Абдулла Абдулла өнгөрөгч баасан гарагт мэдэгдсэн байна.
Тус мужид Афганистаны засгийн эрхийг булаан авсан талибуудыг эсэргүүцэх отрядууд байгуулж байгаа тухай наймдугаар сарын 18-нд эх сурвалжууд мэдээлжээ. Отрядуудын нийт бүрэлдэхүүний тоо хэдэн мянгад хүрч магадгүй байна. Ахмуд Масуд наймдугаар сарын 16-нд Францын "La Regle du jeu" сэтгүүлд нийтлүүлсэн захидалдаа "Талибан" бүлэглэлийг эсэргүүцэх зохион байгуулалт хийж байгаа бөгөөд түүний төв нь Панжшер муж байх болно гэж мэдэгджээ.