С.Амарсайхан: Иргэд 3 төрлийн вакцинаас сонгож хийлгэх боломж нээлттэй байгаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-08-20 15:20:16

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан өнөөдөр Баян-Өлгий аймагт ажиллаж байгаа.

Тэрээр аймгийн Онцгой комиссын гишүүдтэй уулзав. Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Д.Бауыржан:  

- Цар тахалтай тэмцэх ажилд орон нутгийн төсвөөс 1 тэрбум гаруй төгрөгийг зарцуулсан, цаашид нэмэлт нөөц байхгүй. Гамшгаас хамгаалах санд л 110 орчим сая төгрөг байгаа тул санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

- Иж бүрэн тоноглогдсон  алсын дуудлагын түргэн тусламжийн авто машинтай болгох;

- Аймгийн Нэгдсэн эмнэлгийн 500 сая орчим төгрөгийн эмийн өрийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарах;

- Аймгийн Онцгой байдлын газрын албаны 2 орон сууцыг төрийн өмчид бүртгүүлэх;

- Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийг Эрэн хайх, аврах салбар болгон өргөжүүлэх;

- Өндөр барилгын галын унтраах зориулалттай авто механик шат бүхий гал унтраах авто машинтай болгох;

-  Стандарт, хэмжил зүйн хэлтсийг лабораторитой болгоход шаардлагатай 120 сая төгрөгийг шийдвэрлэж өгөх;

- Өлгий сумыг тойруулан барьж байгаа үерийн далангийн царцаагдсан төсвийг шийдвэрлэж бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэх боломж бүрдүүлэх;

- Аймгийн төвийн Цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд анхаарал тавих зэрэг саналуудыг тавилаа.

Шадар сайд С.Амарсайхан, "Засгийн газраас уян хатан, урт хугацааны зөөлөн бодлого буюу зайлшгүй тохиолдлоос бусад үед хөл хорио тогтоохгүйгээр иргэд, аж ахуйн нэгжүүдэд ажил, амьдрал, бизнесээ хэвийн үргэлжлүүлэх боломж олгох бодлого баримталж байгаа. Энэ халдварт өвчин ойрын хэдэн жилд арилахгүй,  сөрж зохицож амьдрахаас өөр аргагүй байдалтай дэлхий нийтэд тулгарч байгаа" гэдгийг онцлов.

Түүнчлэн:

- Иргэдийг чирэгдүүлэхгүй, аливаа асуудалд ил тод, нээлттэй байх;

- Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр гарсан УОК-ын дарга болон ХХААЯ-ны сайдын хамтарсан тушаал, албан даалгаврын хэрэгжилтийг хангах;

- Аймгийн 13 сум, 96 багийн хэмжээнд вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх, иргэдийг мэдээллээр хангах;

- Одоо иргэдэд Пфайзер, АстраЗенека, Вероссел вакцинаас сонгож тарих боломж нээлттэй байгаа. Нөөц хангалттай. Тийм учраас нэмэлт вакцин татан авах, нөөц бүрдүүлэх ажлыг тасралтгүй зохион байгуулах;

- Хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг сайтар хангаж, хичээлийн байр, анги танхимыг халдваргүйжүүлэх, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, эцэг эхтэй хамтран ажиллагааг өргөжүүлэх замаар хичээл эхлэх боломж бүрдүүлэх;

- Малын гоц халдварт өвчний эсрэг вакцинжуулалтыг эрчимжүүлэх;

- Ковид-19 халдвараар өвдөж байгаа иргэдэд гаднаас эм тариа авахуулахгүй байхад онцгой анхаарах;

- Тандалт судалгааны ажлыг орхигдуулахгүй, бүх түвшинд сайтар зохион байгуулахыг аймгийн Онцгой комисс, холбогдох байгууллага, албан тушаалтнуудад даалгалаа.

Аймгийн Засаг дарга Д.Бауыржаны тавьсан саналын дагуу тус аймагт суурин рентген аппарат, алсын дуудлагын авто машин, гал түймэр унтраах авто машин олгохоо илэрхийллээ. Мөн эмийн хангалтыг сайжруулах, ОБГ-ын орон сууцыг төрийн өмчид шилжүүлэх, тус газрын Эрэн хайх, аврах бүлгийг салбар болгон өргөжүүлэх зэрэг орон нутгаас тавьсан саналуудын 90 хувийг газар дээр нь шийдвэрлэж байгаагаа мэдэгдлээ.  

相关新闻