Кот д’Ивуарын Ерөнхийлөгч бүрэн эдгэрч, үүрэгт ажилдаа эргэн оржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
anudaritsagaan@gmail.com
2021-08-20 12:46:23

ЯМУСУКРО. /Anadolu/. Кот д’Ивуар улсын Ерөнхийлөгч Алассан Уаттара коронавирусээр халдварлаад бүрэн эдгэрч, пүрэв гарагт үүрэгт ажилдаа эргэн орлоо гэж түүний ажлын албанаас мэдэгджээ.


Ерөнхийлөгч А.Уаттара халдвартай хүнтэй ойр байснаа мэдсэнийхээ дараа буюу энэ сарын 3-наас өөрийгөө тусгаарласан байна. Хожим нь шинжилгээний хариу нь эерэг гарснаар хоёр долоо хоног гаруйн турш эмнэлгийн хяналтад байжээ.


Лхагва гарагт тэрбээр коронавирусний шинжилгээнд дахин хамрагдаж, хариу нь сөрөг гарсантай холбоотойгоор ийнхүү үүрэгт ажилдаа эргэн орж байгааг уг мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна. 


Мөн Ерөнхийлөгч, Кот д'Ивуар цар тахлын гурав дахь давлагаатай тэмцэж буйтай холбогдуулан вакцинжуулалтад идэвхтэй хамрагдаж, халдвар хамгааллын дэглэмийг чандлан мөрдөхийг ард иргэддээ уриалжээ.


Нийт 25 сая орчим хүн амтай тус улсад вакцинжуулалтын түвшин маш бага хэвээр байна. Тодруулбал, энэ сарын 17-ны байдлаар ердөө 1.24 сая орчим тун вакцин тарьжээ.


Албан ёсны мэдээллээр, Кот д’Ивуар улсад лхагва гаргийн байдлаар халдварын 52 836 тохиолдол илэрч, 369 хүн нас барсан байна. 

相关新闻