Ж.Байден Афганистанаас цэргүүдээ гаргах шийдвэрээ зөвтгөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-08-17 13:56:42

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Афганистанд талибууд асар богино хугацаанд эрх мэдлийг хяналтдаа аваад буйг үл харгалзан Америкийн цэргүүдийг тус улсаас гаргах шийдвэрээ зөвтгөөд, энэ асуудлыг тав дахь ерөнхийлөгчид шилжүүлэхгүй гэдгээ амлажээ.


“Афганистаны цэргүүд өөрсдийнхөө төлөө тэмцэхийг хүсэхгүй байхад Америкийн цэргүүд дайтаж, амиа алдах ёсгүй” гэж Ж.Байден орон нутгийн цагаар даваа гаргийн үдэд Цагаан ордноос телевизээр 20 минутын турш үг хэлэх үеэрээ мэдэгдсэн байна.


АНУ-ын төрийн тэргүүн сүүлийн зургаан өдрийн хугацаанд камерын өмнө анх удаа үг хэлж буй нь энэ бөгөөд зуны амралтаа өнгөрүүлж байсан Мэриленд муж улсын Кэмп-Дэвид дэх өргөөнөөсөө ирснийхээ дараа мэдэгдэл хийжээ. Тэрбээр ийнхүү үг хэлснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулаагүй бөгөөд ерөнхийлөгчийн өргөө рүүгээ буцжээ.


Мэдэгдлийнхээ үеэр Ж.Байден, “Афганистан дахь АНУ-ын хүчин улс орон байгуулахыг, нэгдсэн төвлөрсөн ардчиллыг цогцлоохыг огт зорьж байгаагүй. Афганистан дахь бидний цорын ганц үндэсний ашиг сонирхол бол Америкийн газар нутагт террорист халдлага үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх байсаар ирсэн” хэмээн хэлжээ.


Тэрбээр үргэлжлүүлэн, “Бидний стратегийн жинхэнэ өрсөлдөгчид болох БНХАУ, ОХУ-ын хувьд АНУ-ыг Афганистанд тодорхойгүй хугацаагаар олон тэрбум ам.долларыг үргэлжлүүлэн зориулаасай гэж хүсэх нь гарцаагүй юм” хэмээн нэмж хэлсэн байна.


Ж.Байдены мэдэгдсэнээр, “Талибан” Кабул хотод ямар ч эсэргүүцэлтэй тулгарахгүйгээр нэвтрэн орсны дараа улс орноосоо дүрвэн явсан Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани иргэний дайнд хэрхэн бэлтгэх, авлигатай тэмцэх, улс төрийн замаар нэгдэх зөвлөгөөг нь үл хайхарчээ.


“Тэд эдгээрийн алийг нь ч хийж чадаагүй. Миний бие тэдэнд “Талибан”-тай улс төрийн шийдэлд хүрэх дипломат ажиллагаа өрнүүлэхийг мөн уриалсан. Харин энэхүү зөвлөгөөнөөс тэд эрс татгалзсан. А.Гани Афганистаны цэргүүдийг тулалдана гэж мэдэгдэж байсан. Гэвч түүний буруу байсан нь илт байна” гэж Ж.Байден ярьжээ.  

相关新闻