Шөнийн цэнгээний газар, ресторанууд хүний тоог хэтрүүлсэн зөрчил гаргажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НМХГ, Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас Хүүхдийн 100 орчмын шөнийн цэнгээний газар, ресторан, кофе шоп, караоке, пабуудад хяналт шалгалт хийжээ.
Шалгалтад хамрагдсан байгууллагууд НОК-оос өгсөн заавар, зөвлөмжийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахин, ширээ хоорондын зай барих, үйлчлүүлэгчийн тоог хүчин чадлынхаа 50 хувиас хэтрүүлэхгүйгээр үйлчилж буй талаараа танилцуулж байв. Хоол үйлчилгээний байгууллагууд 14 хоног тутам тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар халдваргүйжүүлэлт, ариутгалыг хийлгэж байгаагаа мөн дурдсан юм.
Хүүхдийн 100-д үйл ажиллагаа явуулдаг “Драгон ден” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Билгүүн “Гадаа талбайд хүмүүс олноороо бөөгнөрснийг манайхаар үйлчлүүлээд байна гэж ойлгоод байгаа болов уу. Манайх бол хүчин чадлынхаа 50 хувиар үйлчилгээ үзүүлж байна. Хариуцлагын гэрээгээ ухамсарлаад чанга дуу тавихгүй, зааланд бүжиглүүлэхгүй, караокед дуулуулахгүй байгаа” гэв.
Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын ахлах байцаагч Т.Баярмагнай “Тус нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдээр шалгалт хийхэд дийлэнх нь хүчин чадлынхаа 50 хувиар үйл ажиллагаа явуулж байна. Цөөн хэдэн баар, ресторанууд хүний тоог хэтрүүлсэн зөрчил гаргасан. Үүн дээр НМХГ-тай хамтран зөрчлийг арилгуулах, зөвлөн туслаж байна” хэмээлээ.
Гурван байгууллагын 3200 гаруй алба хаагч “Хариуцлагын гэрээ” байгуулсан аж ахуй нэгжүүдэд шалгалтын ажиллагааг тогтмол хийж байна.