Австралид “Moderna”-гийн вакциныг хэрэглэхийг зөвшөөрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
КАНБЕРРА. /Xinhua/. Австралийн Эмийн бүтээгдэхүүний хяналтын газар /TGA/ АНУ-ын “Moderna” компанийн “COVID-19”-ийн вакцинд түр зөвшөөрөл олгожээ.
Ерөнхий сайд Скотт Моррисон энэ талаар, “Эмийн бүтээгдэхүүний хяналтын газар Австралийн насанд хүрсэн хүн амыг дархлаажуулахад “Moderna”-гийн “COVID-19”-ийн вакциныг хэрэглэх түр зөвшөөрөл олгосон” хэмээн мэдэгджээ. Ирэх есдүгээр сард тус улс хоёр тунг нь 28 хоногийн зайтай тарьдаг вакцинаас нэг сая тунг хүлээн авах ажээ.
Австрали “Pfizer”, “AstraZeneca” компанийн вакцины дараа ийнхүү гурав дахь вакциныг бүртгэж буй нь энэ оны эцэс гэхэд насанд хүрсэн нийт хүн амын 70 хувийг бүрэн вакцинжуулах Засгийн газрын зорилтод хүрэхэд хувь нэмрээ оруулна хэмээн үзэж буйгаа С.Моррисон илэрхийлсэн байна.
Мөн вакцинжуулалт бүр хүний амь насыг аварч, 16-аас дээш насны хүн амын 70 хувийг энэ оны эцэс гэхэд вакцинжуулах зорилтдоо хүрэхэд нэг алхмаар ойртуулж байна хэмээн хэлжээ.
Эрүүл мэндийн сайд Грег Хантын хувьд, манай улсад хэрэглэхийг зөвшөөрсөн "COVID-19"-ийн гурав дахь вакцин нь хүнд хэцүү энэ цаг үед вакцинжуулалтын хурдыг сайжруулна гэж өнөө өглөө мэдэгдсэн байна.
Австралийн хамгийн олон оршин суугчтай Шинэ Өмнөд Уэльс, Викториа зэрэг мужид “Дельта” хувилбар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хөл хорионы дэглэм тогтоогоод байгаа үед Эмийн бүтээгдэхүүний хяналтын газар ийнхүү зөвшөөрөл олгожээ.
"COVID-19"-ийн вакцинжуулалтыг хоёрдугаар сараас эхлүүлсэн Австралид өнөөдрийн байдлаар 16 болон түүнээс дээш насны иргэдийн 22.5 орчим хувь нь вакцины хоёр тунд хамрагдаад байна.