Дэлхийн шилдэг 500 компанийн жагсаалтад БНХАУ-аас хамгийн олон компани багтжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-08-04 11:27:21

БЭЭЖИН. /CGTN/. Дэлхийд бизнесийн орлогоороо тэргүүлдэг 500 компанийг жагсаадаг “Fortune Global 500” жагсаалтад БНХАУ-аас хамгийн олон компани багтжээ.


Тодруулбал, энэ оны жагсаалтад 143 компани нь багтсанаар БНХАУ жагсаалтад орсон компаниудынхаа тоогоор хоёр жил дараалан тэргүүлсэн байна.


Энэ удаагийн жагсаалтад Хятад улсын төрийн мэдлийн эрчим хүчний компани болох “State Grid” хоёрдугаар байрт бичигдсэн бол технологийн “Huawei” компани 44 дүгээрт жагсжээ. Тус компанийн хувьд АНУ-ын хориг арга хэмжээнүүдийг үл харгалзан 49 дүгээр байраас ийнхүү ахисан байна.



Мэдээлэл технологи, интернетийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг долоон компани энэ оны жагсаалтад багтсаны дөрөв нь Хятадын компани байна. Тэдгээр нь “Xiaomi”, “JD.com”, “Alibaba”, “Tencent” юм.


Энэхүү салбараас жагсаалтад багтсан нөгөө гурван компани нь АНУ-ын “Amazon, Alphabet, Facebook” ажээ. Эдгээр долоон компанийн дундаа “Xiaomi” хамгийн олон буюу 84 байраар ахижээ.


Өнгөрсөн онд Хятад улсаас 133 компани “Fortune Global 500” жагсаалтад багтсанаар тус улс анх удаагаа АНУ-ыг гүйцэж түрүүлсэн юм. Энэ оны жагсаалтад АНУ-аас 122 компани буюу өнгөрсөн оныхоос нэгээр илүү компани багтжээ. Япон улсын хувьд гуравдугаарт /53 компани/ жагссан байна.


Дэлхийн хамгийн шилдэг 500 компанийн нийт орлого 2021 онд өмнөх оныхоос 4.8 хувиар бууран 31.7 их наяд ам.доллар болжээ. Ингэснээр орлого нь сүүлийн таван жилийн хугацаанд анх удаагаа буурсан үзүүлэлттэй гарчээ.


COVID-19” цар тахлын улмаас эрчим хүч болон автомашины салбарын борлуулалт 10 гаруй хувиар буурсан бол өнгөрсөн оны жагсаалтад багтсан агаарын тээврийн зургаан компани энэ оны жагсаалтад бүгд багтаж чадаагүй байна.  

相关新闻