“Хорийн бүлэг”-ийн Байгаль орчны сайд нар нэгдсэн зөвшилцөлд хүрч чадсангүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЕАПОЛЬ. /NHK/. “Хорийн бүлэг”-ийн орнуудын Байгаль орчны сайд нарын уулзалт уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тодорхой арга хэмжээнүүдийн талаар нэгдсэн зөвшилцөлд хүрч чадалгүйгээр өндөрлөв.
Талууд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралгүй нийгмийг цогцлоох чиглэлд гаргах хүчин чармайлтын талаар Италийн Неаполь хотноо баасан гарагт хэлэлцсэн юм.
Уулзалтад Японы
Байгаль орчны сайд Коизүми Шинжиро, АНУ-ын Ерөнхийлөгчийн Уур амьсгалын асуудал
хариуцсан төлөөлөгч Жон Керри, ОХУ, БНХАУ-ын Байгаль орчны сайд нар тэргүүтэй бусад
төлөөлөгчид оролцжээ.
Энэхүү хэлэлцүүлгийг
ирэх 11 дүгээр сард Их Британид болох “COP26” буюу НҮБ-ын Уур амьсгалын асуудлаарх бага хурлыг
угтан ач холбогдолтой алхам хийх боломж хэмээн үзэж байсан юм.
Гэвч сайд нар нүүрснээс цэвэр эрчим хүч рүү шилжих зохистой үе шатны талаар санал зөрөлджээ. Хэдийгээр аж үйлдвэржсэн олон орон нүүрснээс үе шаттайгаар татгалзахыг эрмэлзэж буй боловч хөгжиж буй орнуудын хувьд үүний эсрэг байр суурьтай байгаа ажээ.
Ингэснээр энэхүү асуудлыг 10 дугаар сард болох “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх шаардлагатай болж байна.
Италийн Экологийн шилжилтийн асуудал хариуцсан сайд Роберто Чинголани хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, БНХАУ, ОХУ, Энэтхэгтэй өрнүүлэх хэлэлцээ хүндхэн байх төлөвтэй байна гэжээ.
Түүний мэдээлснээр,
дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх түвшнээс 1.5 хэмээр хязгаарлахад эдгээр
гурван оронтой санал зөрөлдөөн үүсээд байгаа ажээ. Энэхүү зорилтыг 2015 онд
байгуулсан Парисын уур амьсгалын хэлэлцээрээр дэвшүүлсэн билээ.