Монгол-Оросын цахим бизнес уулзалтад урьжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын тэргүүлэх банкны нэг "Сбербанк" өөрийн орны компани, бизнес эрхлэгчдийг гадаад зах зээлд гаргах боломжийг өргөжүүлэхэд чиглэсэн цуврал үйл ажиллагааг санаачилан зохион байгуулж эхэлжээ.
“Сбербанк” нь олон улсын эдийн засгийн түншлэлийг дэмжих зорилгоор гадаад худалдааны үйл ажиллагаанд оролцогч ААН-үүдэд зориулан “Олон улсын цахим бизнес ажиллагаа” хэмээх шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгожээ. Энэхүү үйлчилгээгээрээ дамжуулан Оросын бэлтгэн нийлүүлэгчдийн бүтээгдэхүүнийг онлайнаар дамжуулан гадаадын худалдан авагчдад хүргэхээр ажиллаж байна. Энэ үүднээс Монгол-Оросын цахим бизнес уулзалт болох гэж буй талаар ОХУ-аас Монгол Улсад суугаа худалдааны төлөөлөгчийн газраас мэдээллээ. Энэ оны 8 дугаар сарын 2-3-нд гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг Монгол, Оросын компани, ААН-үүдийг цахим бизнес уулзалтад урьжээ.