Он гарсаар Говь-Алтай аймагт 663 эх амаржжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд 2021 оны эхний зургаан сарын байдлаар 663 эх амаржиж 668 хүүхэд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 48 тохиолдлоор буурсан байна.
Нийт төрөлтийн 91.6 хувь нь лавлагаа төвийн төрөлжсөн мэргэжлийн эмчийн тусламжид төрсөн бөгөөд тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт 400 эх хөдөө сумаас ирж амаржжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс хоёр тохиолдлоор буурсан ба Нэгдсэн эмнэлэгт төрсөн эхийн 65.9 хувийг эзэлж байна.
Мөн хугацаанд жирэмсний хяналтад шинээр 560 жирэмсэн эмэгтэйчүүд хамрагдсан ба 93.0 хувь нь эхний 3 сартайд, 6.3 хувь нь 4-6 сартайд, 0.7 хувь нь 7 ба түүнээс дээш сартайд тус тус хяналтад орсон бөгөөд эхийн эндэгдэл, төрөлхийн тэмбүүгийн тохиолдол гаргалгүй ажиллаж байгаа тухай аймгийн ЭМГ-аас мэдээлэв. 2021 оны эхний хагас жилийн байдлаар аймгийн хэмжээнд 668 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 47 хүүхдээр буюу 6.6 хувиар буурчээ. Сонирхуулахад, амьд төрсөн хүүхдийн 366 буюу 54.8 хувь нь хүү, 302 буюу 45.2 хувь нь охин байна. Амьд төрсөн хүүхдийн 5.4 хувь нь бага жинтэй буюу 2500 гр-аас доош жинтэй төржээ.