Ахмад тамирчин Б.Болдбаатар 1250 км замыг амжилттай тууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-07-11 15:59:01

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Олон улсын хэмжээний мастер, хөнгөн атлетикийн ахмад тамирчин Буриадын Болдбаатар “Говь-Алтай-Завхан-Архангай-Улаанбаатар” чиглэлийн 1250 км замыг туулж өнөөдөр Сүхбаатарын талбайд барианд орлоо.


Ахмад тамирчин Б.Болдбаатар 2021 оны зургаадугаар сарын 15-ны өдөр Алтай хотоос гараандаа гарч байсан бол 27 хоногийн дараа ийнхүү бариандаа амжилттай орсон байна. Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир спортын улсын хорооноос санаачлан орон даяар зохион байгуулсан “Дасгал хөдөлгөөн хийцгээе” сарын аяны гүйлтийн үйл ажиллагааг дэмжих, спортод хөтлөн оруулсан аавдаа зориулж хоёрдахь удаагийн холын замын гүйлтээ хийсэн ажээ. Тэрээр өнгөрсөн жил 54 насандаа Говь-Алтай аймаг үүсэн байгуулсны 80 жилийн ой, Монгол Улсад Прокурорын байгууллага үүсч бий болсны 90 жил, аймгийн Прокурорын байгууллагын 80 жилийн ойд зориулж, тамирчин хүний тэсвэр тэвчээр, хүч хөдөлмөр гаргаж уг гүйлтээ санаачилж түүхэн амжилтыг бүтээсэн билээ. 


相关新闻