Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 870 хүн бүрэн эдгэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-07-10 11:20:07

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт энэ оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрөөс хойш коронавирусний халдварын 1100 орчим тохиолдол хэвтэн эмчлүүлсэн бөгөөд үүнээс 870 нь бүрэн эдгэрч эмнэлгээс гарчээ. 

Долоодугаар сарын 8-ны байдлаар 240 гаруй хүнийг эмчилж байгаа тухай Нэгдсэн эмнэлгийн дэд захирал Ш.Сэлэнгэ мэдээллээ. Тэрээр цааш нь хэлэхдээ: -“Коронавирусний халдвар бүртгэгдсэн эхний үед халдвар авсан хүн бүрийг Нэгдсэн эмнэлэгтээ авч эмчилж байсан бол халдвар нэмэгдэхийн хэрээр эмнэлэг дангаараа авах боломжгүйд хүрч Нэгдсэн эмнэлгийг түшиглэн ШШГГ, Алтайн хүдрийн уурхай, МСҮТ-д нэмэлтээр ор дэлгэн тохиолдлуудыг хэвтүүлж эхэлсэн. Одоогоор хэвтэн эмчлүүлэгсдийн тоо буурсан учир ШШГГ, Алтайн хүдрийн урхайд дэлгэсэн эмнэлгийг татан буулгаад байна” гэв. 

Нэгдсэн эмнэлэгт хүндэрсэн иргэдээс гадна хүндрэх эрсдэлтэй сахар, зүрх судасны өвчин, даралт ихтэй, жингийн илүүдэлтэй, жирэмсэн, өндөр настан, вакцинд хамрагдаагүй иргэд, хүүхэд зэргийг нэн тэргүүнд хүлээн авч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа аж. Өнөөдрийн байдлаар нийт хэвтэн эмчлүүлэгсдийн 33,9 хувь нь хүнд, хүндэвтэр оноштой хүмүүс байгаа тухай холбогдох албанаас танилцууллаа. Сэхээний тасаг хэвтэж байгаа иргэдийн хувьд 5 сартай хүүхдээс эхлээд 80 гарсан хөгшид хүртэл байгаа ажээ.


相关新闻