Цагдаагийн үйл ажиллагаанд хяналт тавих "Иргэний зөвлөл"-ийг байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Иргэний зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа. Цагдаагийн албаны тухай хуулийн дагуу тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хяналт тавих үүрэг бүхий таван хүнийг гурван жилийн хугацаагаар томилж, үйл ажиллагааны явц, үр дүнг ИТХ-ын даргад улирал тутамд мэдээлж байх үүргийг өглөө.
“Иргэний зөвлөл” нь цагдаагийн байгууллагын гүйцэтгэх ажлын төсвөөс бусад төсвийн төсөл, зарцуулалт, санхүүгийн тайланг хэлэлцэх, санал өгөх эрх үүрэгтэй ба цагдаагийн байгууллагын гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийгмийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг сайжруулахад санал боловсруулах, гэмт хэрэг, зөрчлийн талаар ирсэн гомдол, мэдээллийг хүлээн авах, цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх үүрэгтэй ажиллах юм.