Ж.Буянхишиг: Онцгой хамгаалалтын бүсийн дэглэмийг тогтоосноор усны нөөц хомстох, бохирдохоос хамгаална
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.
Тус аймгийн хэмжээнд усны сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын, ус
хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийг тогтоожээ. Энэ талаар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Усны
асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Буянхишигээс тодрууллаа.
-Завхан аймгийн хэмжээнд усны нийт
талбайн хэмжээ хэд байдаг вэ? Үүнээс хэдэн хувийг нь ашиглаж байна?
-Завхан аймгийн усны нийт талбай газар нутгийн 0,98 хувийг эзэлдэг. Усны ашиглаж болох боломжит хэмжээгээрээ
харьцангуй нөөцтэйд тооцогддог. Аймгийн гадаргын усны нөөц 3.16 км³, харин газрын
доорх усны нөөц 1.14км³ гэж тогтоогдсон ба үүнээс ашиглах боломжтой нь 0.57км³
байна.
Газар
нутгийн Хяргас нуур Завхан голын сав газрын захиргаанд 17 сум, Идэр голын сав
газрын захиргаанд найман сум, Увс нуур Тэсийн голын сав газрын захиргаанд
дөрвөн сум давхардсан тоогоор хамрагддаг.
-Аймгийн
хэмжээнд усны сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын, ус хангамжийн
эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийг хэзээнээс тогтоож эхэлсэн бэ?
-Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар 2019 онд Хяргас нуур Завхан голын сав газрын захиргаа, Идэр голын сав газрын захиргаатай хамтран 24 сумын хэмжээнд усны сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын бүсийн дэглэмийг тогтоосон. Ингээд аймгийн ИТХ-ын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 54-р тогтоолоор батлуулсан
Аймгийн хэмжээнд 1107 усан сан бүхий
газарт энгийн болон онцгой хамгаалалтын бүс. 73 ус хангамжийн эх үүсвэрт эрүүл
ахуйн бүс тогтоогоод байна. Мөн тэмдэгжүүлэлтийн 44 анхааруулах самбарыг
24 суманд аялагч жуулчид ихэвчлэн ирдэг нуур, голын хамгаалалтын бүсэд байршуулсан. Усны сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын бүсийн дэглэмийн тогтоолын
хэрэгжилтийг хангаж, усны сан бүхий газрын
энгийн болон онцгой хамгаалалтын бүсийг дэглэмийг мөрдүүлэн ажиллаж байна.
-Усны сан
бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын бүсийн дэглэмийг тогтоосноор хэр
дүнтэй вэ?
-Манай
аймаг усны сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын бүсийн дэглэмийг тогтоосон
нь онцгой хамгаалалтын бүсэд уул уурхайн үйл ажиллагааг явуулахгүй байх. Усны
нөөцийг хамгаалах зорилготой юм. Усны сан бүхий газрын энгийн болон онцгой
хамгаалалтын бүсийн дэглэмийг тогтоосноор нэгдүгээрт усны нөөц хомстох,
бохирдохоос хамгаална. Хоёрдугаарт үер усны аюул, болзошгүй эрсдэлээс урьдчилан
сэргийлнэ. Мөн усны нөөц эх үүсвэрийг уул уурхай, болон бусад ашиг олох үйл
ажиллагаанаас болж хөндөж хохирол учруулахаас сэргийлнэ. Түүнчлэн иргэдийг
эрүүл аюулгүй усаар хангах нөхцөл бүрдэнэ. Мөн усны сан бүхий газрын энгийн
болон онцгой хамгаалалтын бүсэд хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулахаас
сэргийлж чадна.
-Онцгой хамгаалалтын бүсийн
дэглэмийг тогтоосноос хойш зөрчил гарсан уу?
-2019 онд
аймгийн 24 сумын хэмжээнд усны сан бүхий газрын энгийн болон онцгой
хамгаалалтын бүсийн дэглэмийг тогтоосноос хойш хэд хэдэн зөрчил гарсан,
түүнийг тухай бүр нь шийдвэрлэж ажиллалаа. Тухайлбал 2020 онд Сантмаргаз сумын
нутаг Баяннуурын онцгой хамгаалалтын бүсэд жуулчны бааз байгуулахаар зөвшөөрөл
авч, газрын албанд бүртгүүлж кадастрын зургаа хийлгүүлсэн байсан зөвшөөрлийг
тогтоолын дагуу цуцалсан байна. Мөн Улиастай сумын Жаргалант багийн нутагт усан
сангийн дэргэд газрын зөвшөөрөл бүхий иргэн барилга байгууламж барих гэж
байсныг тогтоолын дагуу цуцалсан. Түүнчлэн аймгийн дулааны станц барих
гэж буй газар, кадастрын зураглал нь Богд, Чигэстэй голын онцгой хамгаалалтын
бүсэд орж таарсныг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар оруулж нэгдсэн дулааны
станц барих гэж буй тухайн газрыг онцгой бүсээс чөлөөлж координатын
зураглалыг хийгээд байна.
-Танд
баярлалаа.