Говь-Алтай, Завхан аймгийн зарим хэрэглэгчийн эрчим хүчийг түр хязгаарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. "Алтай-Улиастайн эрчим хүчний систем" ТӨХК дотоодын эх үүсвэр болох усан болон дизель цахилгаан станцаар Говь-Алтай, Завхан аймгийн зарим хэрэглэгчдийг эрчим хүчээр ханган ажиллаж байна.
Төвийн бүсийн эрчим хүчний системийн цахилгаан дамжуулах шугамд гарсан гэмтлээс үүдэн одоогийн байдлаар Говь-Алтай аймгийн урд бүсийн 7 сум, Завхан аймгийн 17 сумын эрчим хүчийг тодорхойгүй хугацаагаар түр хязгаарлаад байгаа тухай "Алтай-Улиастайн эрчим хүчний систем" ТӨХК-аас мэдээллээ.
-"Монгол Улсын эрчим хүчний салбар нь Баруун бүсийн эрчим хүчний систем, Алтай-Улиастайн эрчим хүчний систем,Төвийн бүсийн эрчим хүчний систем, Зүүн бүсийн эрчим хүчний системд хуваагддаг. Улаанбаатар хот болон төвийн бүсийн аймгуудыг хангаж буй Төвийн бүсийн эрчим хүчний системийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарснаас ачааллын хэлбэлзэл үүсч Улаанбаатар хот болон аймгуудын зарим хэсгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хязгаарлаад байна. Гэмтлийг засахаар шуурхай ажлын хэсэг ажиллаж байгаа ба хязгаарлагдсан хэрэглэгчдийг үе шаттайгаар холбож эрчим хүчний хангамжийг хэвийн болгоно" гэлээ.