Х.Бөрбай энэ жил 3000 гаруй толгой мал тоолуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Энэ жил Ховд аймгаас нэг малчин “Монгол Улсын Хошой аварга малчин” цолоор энгэрээ мялаасан.
Мал маллах арга
туршлага, хөдөлмөр зүтгэлээрээ ийнхүү
тэргүүлж яваа хүн бол Үенч сумын Жаргалан багийн малчин
Хинатын Бөрбай юм.
Тэрбээр бага наснаасаа аавыгаа даган мал маллаж, малын ашиг шимийг хүртэж
яваа туршлагатай малчдын нэг.
Анх 1300
орчим толгой мал тоолуулж "Аймгийн аварга малчин" цол хүртэж
байсан бол 2015 онд 2500 гаруй толгой мал тоолуулж "Улсын аварга малчин" болжээ.
Харин энэ жил "Улсын Хошой аварга малчин" болохдоо 3000 гаруй толгой
мал тоолуулсан бөгөөд сүргийн
ихэнх хувийг хонь эзэлж байна.
“Улсын
Хошой аварга малчин”-ы
шагналыг Ховд аймгийн
Засаг дарга Б.Дүгэржаваар ахлуулсан ажлын баг малчны хотонд очиж гардуулжээ.
Малчин Х.Бөрбай гуайнх Үенч сумын Жаргалан багийн нутаг, “Суварга” гэх
газарт нутаглаж байна. Тус малчин мал маллах арга туршлагаа залуу үеийнхэнд
өвлүүлэхийн зэрэгцээ 10 орчим хүнийг малжуулжээ.