Тодорхойгүй хугацаагаар хатуу хөл хорио тогтоох саналыг УОК-т хүргүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-06-26 10:11:38

Завхан/МОНЦАМЭ/. Завханд коронавирусний халдвар эрс нэмэгдэж байгаа тул тус аймгийг зорихгүй байхыг онцгойлон анхааруулж байна гэж Шуурхай штабаас мэдээлэв.

-“Коронавирусний халдвар өдөр бүр 50-80 тохиолдлоор нэмэгдэж нөхцөл байдал хүндэрлээ. Халдвар авсан хүмүүсийн 50 хувь нь Улаанбаатар хотоос ирсэн болон тэдэнтэй ойр харьцсан иргэд байна. Мөн вакцины бүрэн тунд хамрагдсан иргэд, хүүхдүүд их өвчилж байна.

Өнөөдрийн байдлаар эмнэлгийн ор дүүрсэн. Улиастай сумын гуравдугаар сургуулийн өргөтгөлд нэмэлтээр 100 ор дэлгэсэн хэдий ч эмчлүүлж буй иргэдээр дүүрээд байна. Тиймээс өнөөдрөөс Алдархаан суманд 80 ортой эмнэлэг дэлгэхээр төлөвлөсөн ч энэ амралтын өдрүүдэд батлагдсан тохиолдлоор дүүрэх төлөвтэй байна.

Одоогийн байдлаар цар тахлын тандалт судалгааг гүйцэж хийх боломжгүй, эмч, эмнэлгийн ажилтнууд хүрэлцэхгүй нөхцөл байдал үүслээ. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирж буй дуудлагуудын 80 хувь нь ковидын шинж тэмдэгтэй байна.

Аймгийн 24 сумаас 17 суманд халдвар тархсаны улмаас есөн суманд тэг зогсолт хийж, нэг сум хатуу хөл хорио тогтоосон. Тиймээс аймгийн Засаг даргын захирамжаар 7-р сарын 1 хүртэл Завхан аймаг руу зөвхөн хүнс тээвэр, шатахуун тээвэр, буяны ажил, яаралтай түргэн тусламжийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр шийдвэрлээд буй. Гэвч тус аймагт амарч зугаалах зорилготой, зөвхөн хувийн эрх ашгаа бодсон иргэд Их-Уул сумын пост дээр хэл ам хийж, ихээхэн хүндрэл учруулж байна. Цаашид тус аймаг халдварын тархалтын “улаан түвшин”-д шилжиж, тодорхойгүй хугацаагаар хатуу хөл хорио тогтоох саналыг улсын онцгой комисст хүргүүлэхээр төлөвлөөд байна.

Иймд иргэдийг тус аймаг руу зорчихгүй байж, нутгийн иргэд болон мэргэжлийн байгууллагуудад хүндрэл учруулахгүй байхыг хүсье” гэж Шуурхай штабаас онцгойлон сануулав. 

相关新闻