Сайханаас бусад суманд халдвар бүртгэгдсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-06-23 17:19:35

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой комиссын шуурхай штаб коронавирусний халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар 16.00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. Сүүлийн хоёр хоногт халдварын 50 тохиолдол батлагдснаас 24 цагийн хугацаанд 19 хүн халдвар авсан байна. Орхон, Бугат, Хангал сум, Хялганат тосгонд тус бүр нэг, Булган суманд хоёр, Могод суманд тав, Гурванбулаг, Дашинчилэн суманд тус бүр хоёр хүнд коронавирус халдварлажээ. Аймгийн хэмжээнд халдварын тохиолдол 627 болж, Сайханаас бусад суманд бүртгэгдээд байна. Тус аймагт халдвар бүртгэгдснээс хойш Булган суманд гурван хүн эндээд байгаа юм.

- Өнөөдрийн байдлаар эмчлүүлж байгаа 209 иргэнээс биеийн байдал нь хөнгөн 195, хүндэвтэр 13, хүнд нэг хүн байна. Орхон аймгийн БОЭТ-ийн лаборатори ачаалал ихтэй байгаа учраас манай аймгаас илгээсэн сорьц хүлээгдэж байгаа. Сүүлийн хоёр хоногт илгээсэн 145 сорьцын PCR шинжилгээний хариу хүлээгдэж байна гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа мэдээллээ.

相关新闻