113 иргэн гэрээр эмчлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-06-20 13:19:19

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн байдлаар Говь-Алтай аймагт 203 хүнд түргэвчилсэн, 73 хүнд PCR шинжилгээ хийхэд шинээр 42 тохиолдол илэрч, нийт 1159  боллоо.  

Байршлаар нь тодруулбал, Дэлгэр суманд 6, Дарвид 2,  Халиунд 1, аймгийн төв Есөнбулагт 29, Алтайн хүдрийн уурхайд 3, Хөхморьтод 1 тохиолдол бүртгэгдсэн тухай АОК-оос мэдээлэв. Нийт тохиолдлын 335 нь Цээл суманд байрлах Алтайн хүдрийн уурхайн ажилчдаас бүртгэгдсэн байна. Тус уурхайд 16 эмч, эмнэлгийн мэргэжилтний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа бөгөөд уурхайн 225 хүнд эрүүл мэндийн тусламж үзүүлж байна. Тэдний 218 хөнгөн, 37 нь хүндэвтэр оноштойгоор эмчлүүлж байгаа аж.

Тус аймагт бүртгэгдээд байгаа 1159 тохиолдлын 486 буюу халдвар авсан хүний 41,9 хувь нь бүрэн эдгэрч эмнэлгээс гарчээ. Коронавирусний халдварын тоо эрс нэмэгдэж байгаа нь эрүүл мэндийн байгууллагад буюу эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд ачаалал үүсэж, орны тоо хүрэлцэхгүйд хүргэж байна. Үүний улмаас биеийн байдал хөнгөн оноштой иргэдийг гэрээр эмчилж байгаа тухай АОК-оос мэдээлэв.

Өнөөдрийн байдлаар ӨЭМТ-ийн хяналт дор гэрээр 113 иргэн эрүүл мэндийн тусламж авч , эмчлүүлж байгаа аж. 


相关新闻