Батлагдсан тохиолдлуудын долоо нь нэг гэр бүлийн гишүүд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-06-10 17:15:53

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт Сэлэнгэ аймагт 19 тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Энэ нь Сүхбаатар суманд 14, Баянголд нэг, Хүдэрт нэг, Мандал суманд гурван хүн халдвар авчээ.

Сүхбаатар сумын батлагдсан тохиолдлуудын долоо нь нэг гэр бүлийн гишүүд бөгөөд нийслэл хотоос зочин ирээд явсны дараах 3-4 хоногт зовуурь илэрч шинжилгээгээр батлагджээ. Харин хоёр тохиолдол нь Төв аймаг руу зорчиж ирээд гэрийн тусгаарлалтад байх хугацааны давтан шинжилгээгээр, мөн дөрөв нь зовуурь илэрч баталгаажуулах шинжилгээгээр, нэг нь нийслэл хотоос ирсэн хүүхдээс тус тус илэрсэн байна.

Баянгол, Хүдэр сумын тохиодлууд өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байгаа аж. Мандал сумын гурван тохиолдлын хоёр нь нийслэл хотоос ирэх явц дахь хяналтын цэгийн түргэвчилсэн тест болон баталгаажуулах шинжилгээгээр илэрсэн байна. Харин нэг тохиолдол нь зовуурь илэрч шинжилгээгээр батлагджээ.

Өнөөдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн ковидын тасгаас нэг иргэн эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжжээ. Одоогийн байдлаар тус тасагт 58 батлагдсан тохиолдол эмчлүүлж байна. Мөн таван иргэн ойрын хавьтлаар тусгаарлагдаж байгаа гэв.

Эдгээр 58 иргэний 4 нь хүндэвтэр оноштой, бусад тохиолдлууд нь хөнгөн зэрэгтэй байгаа аж. Эмчлүүлж буй иргэдийн 18 нь хүүхэд байна. Түүнчлэн Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлыг тодорхойлохоор тандалтын баг ажиллаж байна. Иймээс халдвартай бүс нутгаас ирсэн хүн нэг бүр халдвар хамгааллын дэглэмийг чанд хатуу мөрдөх. Мөн иргэд эрсдэлтэй бүс нутаг руу аль болох зорчихгүй байж, хаана ч явсан халдвар хамгааллын дэглэмээ сахин мөрдөж өөрийгөө болоод өрөөл бусдыгаа эрсдэлээс хамгаалахыг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна. 

相关新闻