Ховд аймаг “Монгол Улсын шилдэг аймаг”-аар шалгарав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг 2016-2017 оны ажлаараа 21 аймгаас 20 дугаар байрт, 2018-2019 онд 10 дугаар байрт жагсаж байжээ. Тэгвэл 2019-2020 оны ажлаараа манлайлж, өнөөдөр “Монгол Улсын шилдэг аймаг”-ийн нэгээр шалгарсан байна.
Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас “Бодлогын
баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд
хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу жил бүр нийслэл,
салбарын яам болон 21 аймгийн ажлыг дүгнэж, байр эзлүүлдэг.
Ховд аймаг 2019-2020
оны ажлаараа баруун бүсээс
шалгарч, Монгол Улсын
шилдэг таван аймгийн нэгээр тодорсон тухай мэдээг албаны эх сурвалж
танилцууллаа.
Энэ асуудлыг өнөөдөр (2021.06.08) хуралдсан Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцжээ. Улмаар энэ долоо хоногт хуралдааны тогтоолыг албажуулан олон нийтэд мэдээлэхээр төлөвлөж байгаа аж.
Ховд аймаг 2019-2020 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 290 гаруй бүтээн байгуулалтын ажил хийжээ. Улмаар орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн амьдрах таатай орчин бүрдүүлэх, хүний хөгжлийг дэмжих чиглэлд анхаарч ажиллав.