Бага насны хүүхэд халдварт өртөх нь нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-06-07 22:30:34

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд халдвар авсан иргэдийн багагүй тохиолдол нь бага, өсвөр насны хүүхдүүд байна. Тухайлбал өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн ковидын тасагт нийт 37 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас 12 нь 17 хүртэлх насны хүүхдүүд байгаа аж.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт короновирусний халдварын 12 тохиолдол нэмж бүртгэгдсэн байна. Эдгээр нь Сүхбаатарт нэг, Ерөө суманд хоёр, Мандал суманд долоо, Хэрх тосгонд хоёр тус тус батлагджээ. Сүхбаатар сумын нэг тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байна. Харин Ерөө, Мандал сум, Хэрх тосгонд батлагдсан тохиолдлууд нь нийслэл хотоос ирсэн болон орон нутагт ойрын хавьтагч болсон иргэдээс илэрчээ. Иймээс аймгийн Онцгой комиссын зүгээс иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, гэртээ зочин урихгүй байхыг онцгойлон анхаарууллаа.

Мөн өнөөдрийн байдлаар тус тасгаас гэрийн тусгаарлалтад шилжих иргэн байхгүй байгаа бөгөөд эмчлүүлж буй иргэдийн гурав нь хүндэвтэр оноштой, бусад нь хөнгөн байна. Мөн хоёр иргэн ойрын хавьтлаар тусгаарлагдаж байгаа ажээ.

Түүнчлэн хамгийн олон хүн амтай томоохон сум гэгддэг Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн ковидын тасагт дөрвөн тохиолдол эмчлүүлж буй. Мөн тус тасагт ойрын хавьтлын хоёр иргэн хамт тусгаарлалтад байгаа бөгөөд бага насны хоёр хүүхэд эмчлүүлж байна хэмээн аймгийн ЭМГ-ын Тусламжийн хэлтсээс мэдээллээ.

相关新闻