Малчдын хүүхдүүдийн 28 хувь нь теле хичээлд хамрагдаагүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-06-04 17:58:02
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 2020-2021 оны хичээлийн жилд Дундговь аймгийн малчдын хүүхдүүдийн 28 хувь нь теле хичээлээ үзэж судалж чадаагүй судалгаа гарчээ.

Аймгийн БСУГ-аас гаргасан судалгаагаар тус аймгийн ерөнхий боловсролын 19 сургуульд  8458 хүүхэд суралцсаны 3899 нь малчдын хүүхдүүд байгаа ба тэдгээрийн 1091 нь теле хичээлдээ хамрагдаж чадаагүй байна.

Сүүлийн хоёр жилд тус аймгийн нийт нутгаар бороо хур багатай, зундаа ган болж, өвөл, хавартаа хүндэрсэн.

Байгалийн гамшгаас гадна дэлхий даяар коронавирусний цар тахал гарч, сургуулийн сурагчид онлайнаар хичээлээ үзэх шийдвэр гарсан тул малчдын хүүхдүүдийн хувьд хөдөө интернэт орчин хязгаарлагдмал, айл бүр зурагт үзэх боломж байхгүй, төв дээр хүүхдээ сууулгаж, анхаарал тавих цаг завгүй гэх мэт асуудлууд гарчээ.

Шалтгааныг нь багш нар болон эцэг эх, хүүхдүүдтэй холбогдон тодруулахад “отор нүүдэл хийж яваа тул орчин нөхцөл бүрддэггүй, интернэт, дата байхгүй, суурин газраас алс хол нүүсэн учир сүлжээ барьдаггүй, цаг агаарын таагүй нөхцөлөөс болж сүлжээ тасардаг, шороон шуурганы улмаас мал доройтож, дарагдаж байгаа тул ээж аавдаа туслаад хичээлээ үзэх боломж байхгүй” гэжээ.

Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдийн хувьд ч мөн 28 хувь нь  теле хичээлдээ хамрагдаагүй бөгөөд эцэг эхийн дэмжлэг тааруу, хараа хяналт сул, гэртээ үзэх зурагт, гар утас байхгүй зэрэг шалтгаанаар хичээлээ судалж чадаагүй аж. 

相关新闻