Хүүхдийн паркийн үйл ажиллагааг тогтмолжуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн удирдлагууд ГБХЗХГ-ын дэргэдэх Хүүхдийн
паркийн үйл ажиллагаатай танилцаж, ойрын хугацаанд байнгын ажиллагаатай болгох
чиглэл өглөө.
Хүүхдийн паркийг 2011 онд байгуулсан. Өнгөрсөн 10
жилийн хугацаанд ашиглалтын болон байгаль цаг уурын нөлөөллөөс шалтгаалан
эвдрэл гэмтэл гарч, элс шороонд ихээр дарагдан үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд
хүндрэлтэй болсон тухай тус паркийн захирал Д.Адъяасүрэн танилцууллаа.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд коронавирусний улмаас парк бараг ажиллаагүй, хүүхэд, ялангуяа өсвөр насны хүүхдүүд тоглох, чөлөөт
цагаа өнгөрүүлэх газар тус аймагт тун ховор байна.
Тиймээс аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат тус паркийн үйл
ажиллагааг тогтмолжуулж, хүүхэд багачуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх
орчныг бүрдүүлэх, байнгын ажиллагаатай
болгохын тулд сум орон нутгийн дэмжлэгтэйгээр элс шороог цэвэрлэх, эвдэрч
гэмтсэн тоглоомыг сэргээн засварлах шаардлагатай байгааг онцлоод холбогдох
мэргэжилтэн, ажилтнуудад үүрэг болгожээ.