Эрсдэл нэмэгдэж байгаа тул иргэд вакцины 2 дахь тунд идэвхтэй хамрагдах шаардлагатай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн
хэмжээнд энэ сарын 26-ны өдрийн байдлаар 49962 иргэн "Ковид-19" цар
тахлын эсрэг вакцины эхний тунг, 5802 иргэн хоёр дахь тунг тус тус хийлгэжээ.
Энэ сарын 24-ний өдрөөс аймгийн хэмжээнд
вакцины хоёр дахь тунг тарих ажлыг эхлүүлсэн ч иргэдийн идэвх
хангалтгүй байгаа аж.
«Иргэдийн гар утсанд эхний тунгаа
хийлгэснээс хойш 28 хоногийн дараа хоёр дахь тунгаа хийлгэх талаар мессеж очсон
байгаа. Гэвч вакцины зааварт 21-56 хоногт хоёр дахь тунгаа тариулах боломжтой
гэж заасан. ЭМЯ-наас ч 21 хоногийн дараа хоёр дахь тунг хийх чиглэл өгсөн. Хот хоорондын зам нээсэнтэй холбоотойгоор
цар тахлын эрсдэл улам нэмэгдэж, тохиолдлууд зөөвөрлөгдөх магадлал
ихтэй болсон. Тийм учраас иргэд нэг ч хоног алдахгүйгээр хоёр дахь тунгаа
хийлгэх шаардлагатай байна» гэсэн мэдээллийг аймгийн Эрүүл мэндийн газраас
өглөө.