Сонгуулийн саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг Баян-Өлгий, Увс, Ховд аймагт хүлээлгэн өгөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. СЕХ-ноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн саналын хуудас, санал тоолох төхөөрөмж, хяналтын камерыг Баян-Өлгий, Увс, Ховд аймагт өнөөдөр хүлээлгэн өгсөн байна.
Бусад аймаг болон гадаадын 30 улсад суугаа 45 дипломат төлөөлөгчийн газарт саналын хуудас болон төхөөрмж хүргүүлэх ажлыг СЕХ төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж буй юм. Энэ талаар СЕХ-ны Сонгогчийн боловсрол, сургалтын төвийн ахлах референт Т.Гүенбаатар, “УБЕГ-ын мэдээлснээр 2.1 сая сонгогч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгнө. Үүнээс орон нутагт 1.1 сая, нийслэлд 1 сая гаруй сонгогч санал өгөх юм. Санал өгөх үеэр саналын хуудсыг хүчингүй болгох, буруу тэмдэглэх зэрэг асуудал гарсан үед нөөц саналын хуудас хэрэг болно. Энэ үүднээс УБЕГ-т бүртгэлтэй санал өгөх иргэдийн тоонд харьцуулан тодорхой хэмжээний нөөцтэйгээр саналын хуудсаа хэвлүүлэн, хэсгийн хороодод хүргүүлэх юм. Саналын хуудас хэвлэх, санал тоолох төхөөрөмжийг шалган турших зэрэг бүх ажилд нам, эвслээс томилогдсон ажиглагчид хяналт тавьж байна” гэлээ.
Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд сонгуулийн хэсгийн хороо бүрт хяналтын камер байрлуулахаар заасан. Энэ дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийн 2087 хэсгийн хороог камержуулж, нэгдсэн нэг системд холбох ажил эхэлсэн гэдгийг СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн Техник үйлчилгээний хэлтсийн дарга Б.Батсайхан мөн мэдээлсэн юм.
Тэрбээр, “Хяналтын камераар сонгуулийн санал авах байранд явагдаж байгаа бүх зүйлийг баримтжуулж, хуулийн дагуу явж байгаа эсэхийг хянах юм. Гэхдээ сонгогчийн саналаа нууцаар өгөх эрхэнд халдахгүйгээр хяналтын камерын тусгалын өнцгийг тохируулна. Мөн хяналтын тооллогыг энэ удаад 100 хувь гараар тоолно гэж хуульчилсан. Санал тоолох машинд уншигдсан саналын хуудсыг гараар тоолж гарсан дүнг баталгаажуулж байгаа процессыг хяналтын камерт буулгах юм” гэв.