Бямба гарагт зуслангийн ногоон бүсэд их цэвэрлэгээ хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар жил бүр зохион байгуулдаг бүх нийтийн их цэвэрлэгээг энэ бямба гарагт “Зуслан, ногоон бүсийн цэвэрлэгээ” нэрийн дор зохион байгуулна.
НБОГ, дүүргүүдийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээний мэргэжлийн 21 байгууллага, “Шинэ тосгон” төрийн бус байгууллага хотын ногоон бүс, ой, голын эрэг дагуу цэвэрлэгээ хийхээр бэлтгэл хангажээ.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын
удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун хэвлэлийн хурал хийж, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг
уриаллаа.
Их цэвэрлэгээний үеэр Монголын хог хаягдлыг дахин боловсруулах холбоо, “Түвшин сайхан төв” ТББ иргэдээс дахивар буюу хоёрдогч түүхий эдийг явуулын болон тодорхой байршилд, Шарга морьтын гүүр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн гаднах авто зогсоол дээр худалдаж авна.
НБОГ-аас 32 морьтой эргүүл гарч, зуслангийн Баруун салаа, Зүүн салаа, Сонгинохайрхан дүүргийн 25, 42 дугаар хороо, Сүхбаатар дүүрэг Их Баян, Цолмонгийн ам, Туулайн ам, Чингэлтэй дүүрэг 17, 18 дүгээр хороо Зүрх уул, Залаатын ам, Баянзүрх дүүрэг Шар хоолойн гол зэрэг байршилд хяналт тавих аж.
Их цэвэрлэгээг дотоодын
үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж, байгууллагууд дэмжиж байна. Тухайлбал, “Эм Си Эс” ХХК, “Бамбууш” ХХК,
“Пепси” брэндүүд хамтран ажиллахаа
илэрхийлсэн бол “Юнител” групп хэрэглэгчид рүү зуслан, ногоон бүсийн
цэвэрлэгээнд уриалсан мессеж илгээнэ.
Мөн “Ариг” банк нэг сая төгрөгөөр дэмжиж, 100 ажилтан, албан хаагч энэ өдөр цэвэрлэгээ хийх юм. “Түмэн шувуут” ХК Нисэх, Био орчмоор цэвэрлэгээ хийн, оролцсон иргэдийг бүтээгдэхүүнээрээ урамшуулах бол “Monpay” төлбөрийн систем нэг шуудай хог бүрд урамшууллын оноо бэлэглэн, "Монос” групп амны хаалт, шуудай зэргээр хангаж, дархлаа дэмжих нэрийн бүтээгдэхүүнийг гардуулах аж.