Төрийн албан хаагчдын үндэсний бичгийн гарааны түвшнийг тогтоожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-05-11 15:29:05

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөл “Үндэсний өв, бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэх жил”-ийн эхний улирлын ажлын явц, тайланг хэлэлцлээ. Хэлний бодлогын салбар зөвлөлөөс бүх сум, байгууллагын төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэгийн гарааны түвшнийг тогтоосон бөгөөд энэ оны эхний улирлын байдлаар унших чадвар 30.4, бичих чадвар 36,0 хувийн ахиц амжилтыг үзүүлсэн байна гэж дүгнэсэн байна.

“Үндэсний өв, бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэх жил”-ийн ажлын хүрээнд сум, байгууллага бүр ажлын хэсэг томилон, хөтөлбөр төлөвлөгөө гарган ажиллаж байгаа бөгөөд албан хаагчдаа үндэсний бичгийн мэдлэгийн түвшнээр нь эрэмбэлэн долоо хоногт 2-3 удаа хичээл заадаг болсон байна. Мөн сум, байгууллагын хаяг, нэрийн хуудас, ажлын баримт бичгийн хавтасны тайлбарыг үндэсний бичгээр хаяглах, албан хэргээ хөтлөх, байгууллага, хамт олноороо “Үндэсний бичигтэн” болох аян, хөдөлгөөн өрнүүлэн ажиллаж байна.

Булган сумын 1, 3 дугаар сургууль, Бүрэгхангай, Рашаант сумын сургууль үндэсний бичгийн сурах орчин бүрдүүлэх, Булган сумын 1 дүгээр сургууль ”Анхдагч Булган” сурах бичгийг үндэсний бичгээр хөрвүүлж, хэрэглээнд нэвтрүүлэх, “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль, Булган сумын 7 дугаар цэцэрлэг “Үндэсний бичгийн өргөө”-тэй болох, Хангал сумын Хялганат тосгон үндэсний бичгийн цахим хэрэглээг бүрэн нэвтрүүлэх зэрэг ажил хийж байна гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Б.Оюунбилэг ярилаа.

相关新闻