“Хамтдаа даван туулъя” төслийн хүрээнд 150 өрхөд тусламж үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-05-05 11:01:45

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. "Дэлхийн зөн Монгол" Олон улсын байгууллагаас Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Хамтдаа даван туулъя” төслийн хүрээнд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 150 өрхөд хүнсний тусламж үзүүллээ.

Нийт 13,5 сая төгрөгийн үнэ бүхий тусламжийн багцад гурил, ургамлын тос, цагаан будаа, элсэн чихэр, гоймон зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүд багтсан байна.

Хүнсний тусламж хүлээлгэж өгөх үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Бауыржан оролцож, төсөл хэрэгжүүлэгч Европын холбооны, "Дэлхийн зөн Монгол" Олон улсын байгууллага, төслийн хамтрагчаар ажиллаж буй "Эрхэмсэг тэмүүлэлт бүсгүйчүүд", "Гэрэлт хөгжлийн тэмүүлэл" төрийн бус байгууллагуудад талархал илэрхийллээ.

"Ковид-19" цар тахлын сөрөг нөлөөнд өртсөн эмзэг бүлгийн өрхүүдийн амьжиргааг нөхөн сэргээх, эх, хүүхдийн хоол тэжээл, эрүүл мэнд, ариун цэврийн суурь хэрэгцээний хангамжийг нэмэгдүүлэх зорилготой “Хамтдаа даван туулъя” төслийг нийслэлийн 3 дүүрэг, Баян-Өлгий, Өвөрхангай аймагт 18 сарын хугацаатай хэрэгжүүлж байгаа.

相关新闻