Бельгид сэжиг бүхий 12 хүнийг баривчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБРЮССЕЛЬ. /ВВС/. Нийслэл Брюссель хот болон тус хот орчмын хэдэн арван айлд нэгжлэг хийн 12 сэжигтнийг баривчилсан гэж Бельгийн албаны хүмүүс мэдэгдлээ.
Бельгийн Прокурорын ерөнхий газар мэдэгдэхдээ “Аюулаас хамгаалах хүчнийхэн ажиллагаа явуулан 40 хүнийг байцаасан. Байцаагдсан хүмүүсээс 12-ыг нь баривчилсан” гэв. Ажиллагааны үеэр ямар ч зэвсэг болон тэсрэх бодис олдоогүй байна.
Энэ оны гуравдугаар сарын 22-нд Брюсселийн метро болон нисэх онгоцны буудалд зэвсэгт этгээдүүд халдлага үйлдэн 32 хүнийг хөнөөснөөс хойш Бельгийн аюулаас хамгаалах хүчнийхэн сонор сэрэмжээ дээшлүүлээд байгаа юм.
Тус улсын хөрш Францад хөл бөмбөгийн ЕАШТ болж байгаа юм. Бельги болон Ирландын багууд хоорондын тоглолтын өмнө буюу бямба гарагийн үдээс өмнө сэжигтнүүдийг баривчилсан байна.
Уг тоглолтыг ресторануудад үзэх хөл бөмбөгийн хөгжөөн дэмжигчид рүү халдахаар төлөвлөж байна гэсэн мэдээлэл авснаар аюулаас хамгаалах хүчнийхэн сэжигтнүүдийг баривчлах ажиллагаа явуулжээ.
Г.Доржханд