Энэтхэгт анх илэрсэн коронавирусний хувилбарын талаар бид юу мэдэх вэ?
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ШИНЭ ДЕЛИ. /DW/. Энэтхэгт анх илэрснээсээ хойш дэлхийн хэд хэдэн оронд бүртгэгдээд буй коронавирусний давхар мутацид орсон “B.1.617” хувилбар хэр аюултай болох нь одоогоор тодорхойгүй байна.
“COVID-19” халдварын шинэ тохиолдлын сүүлийн өдрүүдэд огцом нэмэгдэх болоод байгаа Энэтхэгт сүүлийн 24 цагийн хугацаанд 320 мянга гаруй хүнээс халдвар илэрч, 2771 хүн нас баржээ.
Үүнтэй холбоотойгоор Герман тэргүүтэй хэд хэдэн орон 1.38 тэрбум хүн амтай тус улсад тусламж үзүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Энэтхэгт анх илэрсэн шинэ хувилбар болох “B.1.617”-г халдвар хурдацтай тархахад нөлөөлсөн эсэхийг хэлэхэд эрт байгаа боловч шалтгаан нь байж болзошгүй хэмээн үзэж байна.
Вирусний хувилбарууд ямар үр дагаварт хүргэдэг вэ?
Дэлхийн олон оронд халдварын тархалт эрс нэмэгдэхэд шинэ хувилбарууд нөлөөлсөн. Зарим мэргэжилтний хувьд Энэтхэгт илэрсэн хувилбарыг дэлхий даяар тархаж болзошгүй “супер мутаци” болж болзошгүй гэдэгт санаа зовниж байна.
Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ тэргүүн Тедрос Адханом Гебрейесус Энэтхэгт үүсээд буй нөхцөл байдалд ихэд сэтгэл түгшиж буйг тус байгууллага “Twiter” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
“B.1.617” хувилбар нь Герман, Бельги, Их Британи, Швейцар, АНУ, Австрали, Сингапурт илэрснийг холбогдох байгууллагууд мэдээлээд байгаа юм.
Мөн Их Британид хэдэн арван тохиолдол бүртгэгдсэнийг тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлсэн байна.
Энэтхэгт анх илэрсэн хувилбар яагаад аюултай байж болзошгүй вэ?
“B.1.617” хувилбар нь вирусний өргөс уураг дээрээ хоёр мутаци агуулжээ.
Өргөс уураг нь вирусийг биед нэвтрүүлж, халдварлуулдаг. Үүний дараа вирус дархлааны тогтолцоон дахь эсрэг биетүүд юм уу вакцин хийлгэсний дүнд үүссэн эсрэг биетүүдээс зугтсан тохиолдолд, мөн эсрэг биет байхгүй тохиолдолд биед хурдацтай тархдаг байна.
Шинжээчдийн таамаглаж буйгаар, “COVID-19”-өөр халдварлаад эдгэрсэн, вакцин хийлгэсэн хүмүүс нь уг шинэ хувилбараар халдварлах эрсдэлтэй байгаа ажээ.
“B.1.617” хувилбар юугаараа ялгаатай вэ?
Энэтхэгт анх илэрсэн хувилбараас “E484Q”, “E484K” гэсэн хоёр мутаци илэрсэн.
Эдгээр нь шинэ мутаци биш бөгөөд Өмнөд Африкт анх илэрсэн “B.1.353”, Бразилд тархсан “P1” хувилбараас олдож байжээ. Түүнчлэн Их Британид анх илэрсэн “B.1.1.7” хувилбараар халдварласан тохиолдлуудаас ч илэрч байв.
Мөн эдгээрээс гадна өөр мутациуд ч бий бөгөөд Калифорнид анх илэрсэн “B.1.429” хувилбараас “L452R” мутаци илэрч байжээ. Энэ нь Германд илэрсэн хувилбараас олдсонтой ижил юм.
Анхааралдаа авах уу, анхааралтай ажиглах уу?
ДЭМБ Энэтхэгт анх илэрсэн хувилбарыг “анхааралдаа авах” хувилбарын ангилалд оруулсан. Энэ нь уг хувилбарыг хянаж байгаа боловч одоогоор тийм ч их санаа зовнихгүй байгааг илтгэж байна.
Их Британийн “Wellcome Sanger” хүрээлэнгийн “COVID-19”-ийн геномын судалгаа хариуцсан доктор Жеффри Барреттийн хэлснээр, Энэтхэгт илэрсэн хувилбар сүүлийн хэдэн сарын хугацаанд ийм бага түвшинд тархсан тул “B.1.1.7” хувилбар шиг хурдан тархдаггүй бололтой байгаа аж.
Гэвч өөр олон мэргэжилтэн учирч болзошгүй аюул заналыг өөрөөр тодорхойлж байгаа бөгөөд одоогийн нөхцөл байдлаас үзэхэд тэдний зөв байх магадлалтай байна.
Энэтхэгийн Махараштра мужид гарал үүслийг нь шинжилсэн халдварын нийт тохиолдлын 60 гаруй хувь нь “B.1.617” хувилбартай холбоотой байгааг тогтоожээ. Гэвч ийнхүү шинжилсэн тохиолдлын тоо нь тодорхой дүгнэлт гаргахад хангалтгүй байгааг орон нутгийн эрх баригчид мэдээлжээ.
Иймээс Энэтхэгт халдварын тохиолдлын тоо олноор нэмэгдэх болсонд уг хувилбар нөлөөлсөн эсэх нь одоогоор тодорхойгүй хэвээр байна.